Монгол төрийн эмгэгийг засах сонирхолгүй 9 гишүүн
2019/09/11

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилсээр байна.

Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол хоёр амин сүнс шүүх засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэх, засгийн газрын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй, тогтвортой болгох өөрчлөлтийг УИХ-ын 62 гишүүн санаачлан оруулж ирсэн.

Харамсалтай нь өчигдөр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын есөн гишүүн асуудлыг дэмжихгүй байсаар хэлэлцэхийг хойшлуулаад байна.

Энэ тухай  Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхан "Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 57-оос доошгүй гишүүний саналаар гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх дараах заалтыг дэмжээд байна: Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглох (25.1.7), Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг сайжруулах (39.2, 39.3), кабинетын зарчмыг хангах (43.2), Ерөнхий сайдад итгэл үзүүлэх журам, түүний үр дагаврыг тодорхой болгох (44.1, 44.2).

Гэвч Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох хамгийн чухал хоёр заалт дээр УИХ-ын гишүүдийн дийлэнх санал нэгдэж чадаагүйн улмаас хойшлоод байна. Хоёр заалтын нэг нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бие даан бүрдүүлэх, нөгөө нь Ерөнхий сайдыг огцруулах конструктив санал хураалт юм. Энэ хоёр заалт дээр нэлээн олон гишүүн эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн. Жишээлбэл, 2019.09.05-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалтыг 51-54 (санал хураалтын төхөөрөмж эвдрэлтэй байгаагаас зөрүүтэй тоо гараад байна) гишүүн дэмжсэн санал өгсөн.

Өнөөдөр уг асуудлаар дахин санал хураахад энэ хэвээрээ байвал долоохон гишүүний санал дутсанаас болж энэ нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс үгүй болчих боломжтой байгаад санаа зовж байна" гэж нийтлэлдээ бичээд буй.

Тодруулбал, дээрх санал хураалттай холбоотойгоор 63 гишүүн хэд хэдэн удаа санал хураалтад оролцож 51-53 (хамгийн сүүлийн хүчингүй болсон санал хураалтад 53 гишүүн дэмжсэн) гишүүн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг дэмжсэн бол дэмжээгүй 10 гишүүний нэг Нямаагийн Энхболд төхөөрөмж буруу уншсанаас болж санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай учир асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж 54 гишүүн дэмжсэн саналыг хүчингүй болгосон юм. Угтаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 57-оос дээш гишүүний саналаар хүчин төгөлдөр болох учиртай.

Тэгвэл засгийн газрын үр нөлөөг бэхжүүлэх дээрх заалтыг дэмжээгүй есөн гишүүний нэрсийг хүмүүс гаргаж яагаад өнөөдрийг хүртэлх монголын төр засгийн эмгэгийг засах өөрчлөлтийг дэмжээгүйг тодруулах аян олон нийтийн сүлжээнд бий болоод байна.

Дэмжээгүй есөн гишүүнд:

  1. О.Баасанхүү
  2. М.Билэгт
  3. Д.Сумъяабазар
  4. Ц.Даваасүрэн
  5. Л.Болд 
  6. А.Сүхбат
  7. А.Ундраа 
  8. Б.Чойжилсүрэн
  9. Ж.Эрдэнэбат нар байна.

Монголын засгийн газрын нэг бүрэн эрх дунджаар 1.8 жил болж засаглал тогтворгүй байгаа нь бодлогын залгамж халаа, тогтвортой, урт хугацааны бодлогын асуудлаа шийдэх боломжийг өгөхгүй байсаар ирсэн.

Энэ нь ямар хор уршигтай талаар улстөр судлаач О.Машбат одоогийн хуулийн орчинд "Засгийн газар гишүүдээ бүрдүүлэхдээ УИХ дахь нам, фракц, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөллөөс багтаах суурийг тавьсан. Ерөнхий сайд сайд нараа томилж, бодлогоо хэрэгжүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа сайдтайгаа хариуцлага тооцох чадваргүй болсон. Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй байх боломжийг олгосон" зэрэг үндэслэлүүдээр тайлбарласаар буй. 

Өнөөдөр уг асуудлыг хэлэлцүүлэхэд гишүүд монголын 30 жилийн толгойны өвчин болсон асуудалд хэрхэн хандахыг дахин харах боломж үлдсэн нь яамай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404