Ч.Сайханбилэг нарыг 2-8 жилээр яллахаар зүйлчилжээ
2019/09/10

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахдаа төрийн өмчийг луйвардсан гэх үндэслэлээр “Монголын зэс корпораци”-ийн удирдлагуудыг АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан. 

Нийт 160 гаруй хавтаст хэрэг бүхий уг асуудал ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн прокорурын газарт шилжиж, улмаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан билээ. Одоогоор хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хянаж буй.  

Уг хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг туст тус татан шалгасан. Эдгээр хүмүүст 2019 оны дөрвөдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хуулийн зүйлчлэлийг задалбал,

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404