АН-ын зөвлөл:Гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ
2019/08/23

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт өргөн барьсан саналынхаа талаар хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нийт 18 санал хүргүүлснээс найман саналыг нь хүлээн авах боломжгүй гэсэн Ажлын хэсгийн санал ирсний дагуу, зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ

Гол үндсэн шалтгаан нь өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл заалтууд байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Бид нарын хувьд байхгүй зүйл заалтны асуудалдаа биш, гол үндсэн зарчим нь ямар ч өргөн баригдсан төслийн хүрээнд авч үзэх шаардлагатай зүйлүүд байгаа гэдгийг зөвшилцлийн хурал дээрээ бид илэрхийлсэн байгаа. Энэ үеэр тухайн найман зүйл заалт дээр дахин ойлголцож явъя гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа үүн дээр онцгойлон авч үзэх хэд хэдэн зүйл байгаа. Үүнд: Сонгуулийн тогтолцооны тухай асуудал, мөн төрийн татвар, эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн асуудалтай холбоотой заалтууд дээр боломжгүй гэсэн санал өгсөн.

Үүнийг бид хүлээж авах боломжгүй байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдах үеэр бид дахин байр сууриа илэрхийлэх болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ үед Ардчилсан намын хувьд зарчмын байр суурь, ард нийтийн эрх ашгийн төлөө энэ улс орны төрийн том бодлогод оролцох боломжийг олгохын төлөө зарим нэг чухал заалтуудаа хамгаалж үлдэх зайлшгүй шаардагатай байгаа. Хамгийн сүүлд авсан бидний мэдээллээр МАН-ын бүлэг хуралдаж, тогтолцоо, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хугацаа, гишүүдийн тоон дээр шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. Үүн дээр 76 гишүүнийг 99 болгох, ингэхдээ үндсэн хуульд сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэсэн тогтолцооны асуудлыг хасаж оруулж ирээд, 99 гишүүн 5 жилийн хугацаатай гэсэн саналыг ямар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл өнөөдөр 76 гишүүн жижиг тойргоор сонгогдож, нэр хүнд, хариуцлагыг дааж явах чадамжгүй байгаа хэрнээ яг нэг тогтолцоогоор 99 гишүүнтэй болох боломжгүй. Тиймээс тодорхой байр сууриа илэрхийлэх зүйтэй гэж хурлаараа шийдвэрлэлээ. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Үүнтэй холбогдуулаад намын үүрэг хариуцлага дээшлүүлэх, намын бодлого төрд тусахад хариуцлагатай байхын тулд улсын хэмжээнд зүтгэх чадвартай бодлогыг гаргахад онцгой эерэг нөлөөтэй гэж бид харж байна. Намыг 50 мянган гишүүдийн гарын үсгээр байгуулна гэсэн Ерөнхийлөгчийн санал байгаа. Энэ санал дээр манай зөвлөл хэлэлцээд нийт хүн амын 1 хувьтай тэнцэхээр хэмжээний иргэдийн санал гарын үсэг цуглаж байж нам байгуулах эрх үүсдэг байхаар босго тогтоох нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ талаарх асуудлаар ажлын хэсэгт саналаа тавих болно. Ийнхүү зарчмын байр сууриудыг илэрхийлсэний дараа Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой шүү гэсэн бидний байр суурь хатуу байгаагаа илэрхийлэх болно. Хэрэв энэ асуудал олонхиороо шийдэгдэх юм бол бид цаашдаа санал хураалтанд оролцох боломжгүй.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хэрэв тоог нэмэх асуудал ярих гэж байгаа бол тогтолцоогоо тодорхой болгох ёстой

-Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгч өөрийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд ирүүлснийг судалж, дэмжиж ажиллах зүйтэй гэсэн байр суурьнаас хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. МАН-ын бүлэг хуралдаад үндсэн 76 гишүүн дээр 23 гишүүн нэмэхээр нийт 99 гишүүн байхаар асуудлыг оруулж ирсэн байна. Гэтэл тогтолцоо нь ямар байх, Үндсэн хуульд хэрхэн орж байгаа нь тодорхойгүй. Тогтолцооны асуудлыг сонгуультай холбоотой хуулиар зохицуулна гэсэн байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Гэхдээ намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, үлдсэн тойргоос сонгогдсон 54 гишүүн нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Хэрэв тоог нэмэх асуудал ярих гэж байгаа бол тогтолцоогоо тодорхой болгосон үндэслэл, тооцоололтой Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжээд явна. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээр хатуу зогссон хэвээр байна. Монгол улсын үндсэн хуульд оруулж байгаа аливаа өөрчлөлтийн асуудлыг ард түмнээсээ асуухгүйгээр гар хүрэх эрх хэнд ч байхгүй. Өнөөдрийн УИХ-д байгаа эрх барьж байгаа намын гишүүд дотор дийлэнхи нь гэмт хэрэг ёс зүйн асуудалд холбогдсон нөхдүүд байгаа. Тэд эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх ёстой хүмүүс эцэг хуулийг батлах эрх байна уу. Тэд батлах гээд гардан хийгээд явж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийлгэх хэрэгтэй байна. Эдгээр гишүүдэд ийм ёс зүй байх ёсгүй. Бид үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн оруулсан санал, өөрсдийн тодорхой саналуудыг баримталж асуудалд оролцоно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404