Б.Хурц нарт холбоотой шүүх хурал үргэлжилж байна
2019/08/16

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Тэднийг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн хэрэгт буруутгаж байна.

Төв аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан, мэргэжилтэн Г.Жавхланбаярын хэлснээр шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 хүн оролцож байгаа аж. Шүүх хурлын эхний өдөр буюу наймдугаар сарын 12-нд С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүдийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй юм. Учир нь Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзжээ.

Шүүх хурал эхэлсэн өдрөөс хойш шүүхийн гадна иргэний нийгмийн байгууллагууд болон Б.Хурцыг цагаатгах ёстой хэмээн үзэж буй түүний хамаатан садан, ойр дотны хүмүүс бусад дэмжигчид ирсэн байв. Харин иргэний нийгмийн байгууллагын зүгээс шүүхийг олон нийтэд ил явуулахыг шаардаж байсан бөгөөд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ч мөн тэднийг суллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.

Б:Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Шүүх хурал шударга явагдаж, шийдвэрээ гарган зохих хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүгээ суллагдана гэж найдаад хувцасыг нь бэлдэж ирсэн" хэмээсэн бол Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбэт "Т.Чимгээ суллагдана гэсэн итгэлтэйгээр сэтгэл санаа нь арай дээрдсэн. Шүүх хурлын явцыг харж байхад Б.Хурцыг цагаатгахыг шаардсан хүмүүс олон байна. Гэхдээ үнэн гэж байдаг бол шийтгэлээ хүлээх ёстой" гэсэн юм.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч гэгддэг Б.Булган энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа ба сэтгүүлчдэд тодорхой тайлбар өгөхийг хүсэхгүй байна хэмээсэн.

Тав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хурлын үеэр олны анхаарлыг татсан олон үйл явдал боллоо. Хоёр талд хуваагдсан жагсагчид байр сууриа хүчтэй илэрхийлж бие бие рүүгээ гурил хүртэл цацаж байсан бол шүүх хурал завсарлаж Б.Хурцыг шүүхийн хаалгаар гарч ирэх үед үл таних нэгэн эмэгтэй гарт нь захиа атгуулж буй дүр зураг зураглаачийн дуранд өртсөн. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр ”Хариуцлагаа хүлээ” гэсэн утга бүхий цаас байсан хэмээн тайлбарласан юм.

image

Түүнчлэн шүүх хурлын үеэр Т.Чимгээ болон түүний өмгөөлөгчийн бие муудаж эмнэлгийн тусламж авчээ. Учир нь 50 орчим мкв байранд болж буй шүүх хуралд 49 хүн оролцож байгаа учир агааргүйтсан байна.:

Шүүх хурлын дөрөв дэх өдрөөс шүүхийн байрыг цагдаа нар хамгаалалтад авсан бөгөөд орой 22.40 цагийн орчимд тусгай тоноглолтой автомашинуудыг нэвтрүүлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурал дарааллын дагуу явагдаж дууссан бөгөөд шийдвэрээ өнөөдөр гаргаж магадгүй юм байна.

 

image

image

image

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404