Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байгааг харуулсан хадны зураг олдсон байдаг. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах бөгөөд хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал байсан гэсэн үг аж. Харин бөхийн цол нь одоо мэдэгдэж байгаагаар 1600 гаруй жилийн түүхтэй бөгөөд сүүлд 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн ажээ.