Г.Занданшатар чөлөөт бүс, хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санал дэвшүүллээ
1 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын нэр хүнд бүхий удирдагчтай уулзаж, танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Эдийн засгийн системийн өөрчлөлтийн танхимын дарга зэрэг нам, төрийн өндөр алба хашиж байх үедээ Монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, монголчуудын сайн танил, дотнын анд нөхөр айлчлан ирсэнд баяртай байна гэлээ.  

Тэрбээр “Таныг түүхчийн мэргэжилтэй, улс түмнүүдийн түүх, соёлыг ихэд сонирхон судалдаг гэж сонссон. Тиймээс та айлчлалынхаа хугацаанд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх эртний өвөрмөц соёл иргэншлийг өнөөгийн цаг үед өвлөн түүчээлж яваа Монголын ард түмний үндэсний баяр наадмыг шимтэн сонирхоно гэдэгт итгэж байна” гэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

          УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай хоёр улс бол мөнхийн хөрш. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон чухал үйл явдал, арга хэмжээ тохиож байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэн хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тунхагласан. Монгол, Хятадын олон талт харилцаа, хамтын ажиллагаа энэ стратегийн түншлэлийн үндсэн дээр идэвхтэй урагшлан хөгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг” гэв.

БНХАУ хөгжин цэцэглэж, бүс нутаг, тив, дэлхийн бодлого, хөгжилд нөлөө бүхий оролцоотой болж байгааг монголчууд анхааралтай ажиглаж байдаг гэдгийг тэрбээр тэмдэглээд, “БНХАУ хөрш зэргэлдээ улс орнуудтай тогтоосон харилцаагаа онцгой анхаарч“найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хамтын хүртээмжтэй байх” зарчмыг дэвшүүлэн баримталж ирсэнд бид талархалтай байдаг” хэмээн онцоллоо.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн өргөжиж, олон тооны, томоохон бүтээн байгуулалтын төслүүд дэх хамтын ажиллагаа бодитой биелэн хэрэгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань хоёр орны харилцаа 70 жилийн хугацаанд тодорхой сорилтуудыг туулж, амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, “Бид шинэ гараа, шинэ боломжуудын өмнө байна. Боломж нөөцөө сайн ашиглаж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал юм” гэж онцоллоо. Тэрбээр улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг хөгжүүлэн, төрөө засах, хууль тогтоох ажлын туршлагаа харилцан солилцох, худалдаа, эдийн засгийн харилцаанд боломжоо сайн ашиглах замаар илүү үр дүнд хүрэх, ард иргэд, байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж ярилаа.

Ноён Ван Чишань Хятадын онцлогтой социализм шинэ эриний гараанд гарч, хөгжлийн өндөр хурдцаас өндөр чанарт шилжих, нийлүүлэлтийн бүтцэд өөрчлөлт хийж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар өндөр технологи, иннновацийг эзэмшсэн улс орон болох зорилтыг хэрэгжүүлж байна. БНХАУ тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудад, түүний дотор Монгол Улсад ч сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн “Бүс ба зам” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн стратегиа уялдуулж, шинэ амжилтад хүрэх нь хоёр орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд худалдааны болон худалдааны бус саад хязгаарлалт байхгүй байх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр УИХ-аар гэрээг нь соёрхон батлахаар төлөвлөж буй Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтарсан чөлөөт бүсийн асуудал болон Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр дээрх замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг Дэд дарга Ван Чишэнээс хүслээ.

Ноён Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой гээд, хилийн бүсийн боомтуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бодит амьдралаас урган гарч байгаа зорилт учраас хоёр тал чухалчлах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

                       

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404