
Зөвхөн өнгөрсөн онд 1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 127 нь амь насаа алдсан байдаг. 50 хувь нь зам тээврийн ослоос шалтгаалсан бол томчуулын зугаа болох морин уралдаанаас 2 хүүхэд амь насаа алдаж, 169 хүүхэд бэртэж, 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Бас бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг 187 гарсан байна. Тэгвэл он гарсаар 2 хүүхэд сураггүй болж, 4 хүүхэд нас барлаа. Хүүхдийн 108 утсанд сард дунджаар 10 мянга гаруй дуудлага ирж байна. Бид хэдий болтол ийм хүнд мэдээлэлд чихээ дасгаж, хэдий болтол хайран үрсээ хорвоогийн мөнх бусад цаг бусаар үдсээр байх вэ? Хэзээ бид хайхрамжгүй хэнэггүй зангаа хаяж, хэзээ бяцхан зүрхнүүд хүчирхийллээс ангижрах вэ? Бид юу хийх ёстой юм, юун дээр алдаад байна вэ?
Идэж уухаа жаахан багасгаад хүүхдүүдээ хамгаалахад илүүхэн төсөв тавьж болохгүй юу? Жижиг гэхгүй суурин газруудын орц гарц бүрт бичлэгтэй камерын хяналт тавих боломж байна уу?
Гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй болтол нь хаа сайгүй камержуулчих чадал монгол улсад байхгүй гэж үү? Камер хэдэн цагаар бичлэг хадгалдаг юм бэ? Заавал хүүхэд алга болсон гэх дуудлагаар биш 3 хоног тутамд цагдаагийнхан камерын бичлэгээ байнга хянаж байж болохгүй юу?
Цагдаа тагнуулынхан хүүхэд хүчирхийлэгч, хулгайлагч донтон гэмт хэрэгтнүүд төдийгүй, хүүхэд хүчирхийлж болзошгүй хүмүүсийн судалгаа гаргаж, мэдээлэл бүртгэлийн сан бүрдүүлж болохгүй юу? Эдгээр гаж донтонгуудын орж гардаг сайт, фэйсбүүкийг байнга хянаж байх шаардлагатай бус уу? Мэдээллийн орон зайд нь өгөөш тавиад тусгай ажиллагаа явуулж бүртгэж авч болохгүй юу?
Давтан хүчирхийлэгч гаж донтонгуудад химийн удаан үйлчилгээтэй тариагаар элдэв дон авирыг нь дарж болохгүй юу? Цааз сэргээнэ, сэргээхгүй гэх улстөржилтийн цаана хэчнээн үрс хохирч золиос болсоор байх юм бэ?
Хэвлэл сошиалаар бичихээрээ л нэг боллоо. Харин одоо асууя. Асуулт болгоны ард шийдэл өгүүлэв. Шийдвэртэй, шийдэмгий ажиллацгаая, хаа хаанаа.
“Өмнө нь хүүхэд хүчиндээд, 16 жил авсан гэмт хэрэгтэн 12 жил хоригдоод, суллагдсан байдаг юм. Гарч ирээд сар бололгүй 3 хан настай хүүхдийг хүчиндээд, бүх насаараа ял авсан хэрэгтэн байна. Тэр хүн бүх насаараа суулгүй, хэзээ нэгэн цагт суллагдаж магадгүй. Би суллагдах боломжтой насыг нь тооцоод үзэхэд, гуравдагч хохирогч гарч ирэх боломж байгаад байна. Нөгөө талдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүст тодорхой хэмжээний эмгэг үүсдэг гэдгийг дэлхий нийтээрээ судлаад, тогтоочихлоо. Тэр эмгэг нь насан туршийнх. Эдгэх магадлал тун бага” гэж Прокурор Б.Чинбилиг ярьсныг сануулъя. Эцэст нь, хүүхэд хүчирхийлж бүх насаар нь эрэмдэглэсэн гаж донтнуудыг яагаад татварын мөнгөөр тэжээх ёстой гэж? Асуултаар өгүүлж асуудал дэвшүүллээ. Цаазын ялыг сэргээж өгөөч

