Сумоч Д.Батбаяр лицензийн тоогоороо МАК, Гацууртын араас эрэмбэлэгдэх болжээ
2019/03/28

Ашигт малтмалын лицензтэй ч хөрөнгө босгож чадахгүйгээс тусгай зөвшөөрлөө хураалгахдаа тулсан залуустай Д.Батбаяр хамтран ажиллаж эхэлжээ. Тэрээр иргэдийн лицензийг өөрийн компанид шилжүүлэн авч, тэдний өмнөөс татвар хураамжийг нь төлж, хайгуул хийх гэрээтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар тэр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрээр "Бид “Ухаалаг уул уурхай“ гэсэн шинэ бүтцийг бий болгоод ажиллаж эхэлсэн. Лицензийн төлбөр мөнгөө төлж чадаагүй, хайгуулаа хийгээгүй маш олон хүн надтай хамтарч ажилладаг. Энэ утгаараа манай компани хамгийн олон лицензтэй мэт харагддаг. Энэ бол гар дээрх лицензээ хураалгах гээд сандарсан залуусын нэгдэл. Тэд кёкүшюүзанд итгэж, төлбөр төлж, хайгуул хийгээд өгөх боломжтой гэж ирсэн" гэв.

Түүний яриагаар бол 60 гаруй лиценз түүнд байгаа гэнэ. Хэдийгээр мөнгөтэй нь тоглолтоо захиалдаг ч ашигт малтмалын лиценз нэг хүнд ийм олноороо төвлөрөх нь үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө. Нөгөө талаар геологийн эрэл хайгуул хийх, ордыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц, техник технологи, санхүүгийн чадамж сайтай аж ахуйн нэгж ажиллах ёстой. Гэтэл түүнд мэргэжлийн баг байхгүй. Харин хэд хэдэн телевиз байгуулж дамлаж зарсан туршлага түүнд бий. Яг түүн шиг сэтгэлгээгээр ашигт малтмалын лицензүүдийг тэр өөртөө хураажээ. Ер нь лицензийн ченжийн тогтолцооноос бид салах ёстой бөгөөд сонирхогч биш нөхөн сэргээлт хийж, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах мэргэжлийн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл эзэмших ёстой юм.

Мөнгөгүй залуусын лицензийг өөрийн компанид шилжүүлж байгааг олон нийт "заль" хэмээн харж залуусыг "сайхан шилдлээ" гэж хэлэх ч хүн таарав. Гэвч ашиглалтгүй олон лицензийг цуцлах, зарим стратегийн ордуудыг төр өөртөө авах сургаар тэд хүчээ нэгтгэж, нэг гарц сэдэж буй нь тодорхой юм. Юутай ч эрхэм сумоч лицензийн тоогоороо Мак-ийн Номтойбаяр, Гацууртын Чинбатын араас эрэмбэлэгдэх болжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404