Европоос мумми нь олдсон эртний хүн хар бараан арьстай байсныг эрдэмтэд тогтоов
8 сарын өмнө

Нийтийн он тооллоос 3,350-3,105 жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй хүний муммийг 1991 онд Итали, Австрийн хилийн бүсэд оршдог Альпын уулсын цас мөсөн дундаас олж байв.

Шинжлэх ухаанд уг муммийн эзнийг Мөсний хүн буюу олдсон газрынх нь нэрээр Оци хэмээн нэрлэсэн байдаг.

Мөсний хүний муммид хамгийн орчин үеийн техникээр генетикийн судалгаа хийсэн эрдэмтэд түүний гадаад төрхийн талаар шинэ дүгнэлт гаргасан байна.

Энэ дүгнэлтээр мөсний хүн нь хар нүдтэй, толгойдоо халцарч эхэлсэн хар үстэй, нэлээд бараан арьстай хүн байжээ.

Судалгаанд оролцсон Мумми Судлалын Еврак Хүрээлэнгийн тэргүүн Альберт Цинк түүний арьсыг орчин үеийн Европын хүн амын дунд бүртгэгдсэн хамгийн гүн бараан өнгөтэй ижил гэж тодорхойлсон байна.

“Муммийн арьсыг мөсөнд хадгалагдаж байх үедээ харласан гэж өмнө нь ойлгодог байв. Харин сүүлийн дүгнэлтээр энэ нь Оцигийн арьсны үндсэн өнгө болохыг тогтоолоо” гэж тэр ярьжээ.

2012 онд Мөсний хүний генийн дарааллыг тогтоох ажлыг анх удаа гүйцэтгэж байв.

Тэр үед түүнийг цайвар арьстай, цайвар үстэй, үсэрхэг хүн байсан гэх дүгнэлт гарч байжээ. Энэ нь өнөөдрийн дүгнэлттэй огт таарахгүй байгаа юм.

Үүнийг Цинк тайлбарлахдаа “Генийн дараалал тогтоох технологи тэр үеэс хойш хурдтай хөгжиж, илүү нарийн үр дүн гаргадаг болсон. Үүний ачаар бид мэдээллийг шинэчилж, өмнөх алдаагаа засаж байна” гэжээ.

Энэ удаагийн шинжилгээгээр бас Мөсний хүний гарал угсааг шинэчлэн тогтоосон байна.

2012 оны дүгнэлтээр түүнийг өнөөдрийн Сардини арлын оршин суугчидтай ойр төрөл, өвөг дээдэс нь Зүүн Европын тал нутгийн газар тариалан эрхлэгчдээс гаралтай гэж байсан юм.

Харин сүүлийн шинжилгээгээр Мөсний хүнийг Анатолийн хойгийн анхны тариаланчдаас (өнөөдрийн Турк улс) гаралтай, өнөөдрийн умард Италийн Өмнөд Тирол мужийн оршин суугчидтай ойр төрлийн хүн гэж тодорхойлжээ.

Мөсний хүний өвөг дээдэс 8,000 орчим жилийн өмнөөс Европт нүүдэллэн ирж суурьшсан байна. Түүний овог аймаг бусад хүмүүстэй харилцаа холбоо бага, гадаад ертөнцөөс нэлээд тусгаарлагдсан орчинд амьдарч байсан гэж дүгнэжээ.

“Генетикийн хувьд түүний өвөг дээдэс бусад анчин, түүвэрлэгч овог аймгуудтай холилдолгүйгээр Анатолийн хойгоос шууд ирж суурьшсан байх өндөр магадлалтай байна” гэж судалгаанд оролцсон Лэйпциг хотын Макс Планкийн нэрэмжит Хувьслын Антропологийн Хүрээлэнгийн судлаач Йоханес Краусе ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404