Мексикийн нэг хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр хөргөгчид хадгалсан 13 хүний цогцос олджээ
8 сарын өмнө

Мексик улсын хар тамхины картелиудын дайнд нэрвэгдсэн нэг хотоос хөргөгчид хадгалсан 13 хүний цогцос олдсон тухай тус улсын эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Зүүн бүсийн Веракруз мужийн Роза Рика хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр эдгээр цогцос олдсон бөгөөд үүнтэй холбогдуулан зургаан сэжигтнийг баривчилсан тухай мужийн ерөнхий прокурор Вероника Эрнандез мэдээлсэн байна.

Гурван хүн барьцаалсан хэргийн мөрөөр сэжигтний араас хөөх үеэр цагдаа нар эхний хэсэг цогцсыг олжээ.

Дараа нь ойролцоох бусад барилгуудаас мөн хөргөгчид хадгалсан цогцсууд нэмж илэрсэн байна.

Веракруз мужаар АНУ руу хууль бус хар тамхи гаргадаг гол замууд дайрдаг. Эдгээр замуудад хяналтаа тогтоох гэсэн картелиудын хооронд зэвсэгт мөргөлдөөн байнга гардаг юм.

2006 онд Мексикийн эрх баригчид хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдэд дайн зарласнаас хойш 400,000 гаруй хүний амь үрэгдээд байгаа.

1962 оноос хойш тус улсад 110,000 гаруй хүн сураггүй алга болсон гэх бүртгэл бий. Эдгээрийн ихэнх нь гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404