Нисэх онгоцнууд дараалан эвдэрсний улмаас Оросын 400 гаруй жуулчин Турк улсад урт хугацаагаар саатжээ
8 сарын өмнө

Нисэх онгоцнууд дараалан эвдэрсний улмаас Турк улсад 400 гаруй жуулчныг хоёр хоногийн турш саатуулаад буй тухай Оросын Red Wings Airline компани Даваа гарагт мэдээлжээ.

“Манай компанид байдаг гурван ширхэг Boeing 777 нисэх онгоцны хоёр нь техникийн шалтгаанаар нэгэн зэрэг ашиглагдах боломжгүй боллоо” гэж тус компани саатлын шалтгааныг тайлбарласан байна.

Үүний улмаас Туркийн Анталья хотоос Екатеринбург хотод буцаж ирэх байсан Оросын 410 жуулчин нисэх буудалд саатжээ.

Бямба гарагаас хойш тэдний нислэгийг хэд хэдэн удаа ямар нэг тайлбаргүйгээр хойшлуулсан байна.

Жуулчдыг Туркээс авах байсан Boeing 777 онгоцыг одоо Москва хотын Жуковскийн нисэх буудалд засаж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Red Wings Airline компанийн хоёр дахь Boeing 777 онгоц Антальягаас Москвад ирснийхээ дараа бас эвдэрсэн байна.

Тус онгоцны хөргөлтийн системд доголдол гарсны улмаас сүүлийн нислэгийн үеэр гурван зорчигч ухаан алдаж, нэг зорчигчийн биеийн байдал муудсан гэнэ.

Red Wings Airline компани тусгай үүргийн нислэг үйлддэг Оросын Икар компаниас онгоц зээлж, Турк улсад саатсан зорчигчдоо авахаар болсон байна.

Украины дайнаас үүдэлтэй Өрнөдийн эдийн засгийн хориг хамгийн хүнд туссан Оросын эдийн засгийн салбаруудын нэг нь агаарын тээвэр юм.

Boeing, Airbus зэрэг томоохон компаниуд ОХУ-д шинэ нисэх онгоц, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ зогсоогоод байгаа. Үүний улмаас Оросын авиа компаниуд хуучин онгоцнуудаа нэгийг нөгөөгөөр нь сэлбэх замаар засварлах болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404