Олон зүйл дээр үзэл бодол таардаггүй Америкийн технологийн салбарын хоёр тэрбумтан дэвжээн дээр нударга зөрүүлэх тухай яриа зургаадугаар сараас хойш нийтийн дунд тараад байгаа.
Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт уг арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Марк Закербэрг, Илон Маск хоёртой тус тусад нь ярилцсаныхаа дараа тэрбумтнууд “уг тулаанд нухацтай хандаж байгаа” тухай мэдээлж байв.
Өнгөрсөн долоо хоногт Илон Маск удахгүй болох тулааныг өөрийн X сошиал платформоор шууд дамжуулж, орлогыг нь ахмад дайчдад туслах санд хандивлах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан.
Тэгвэл Марк Закербэрг өчигдөр тулаан болох өдрийг наймдугаар сарын 26-нд товлох саналаа илгээгээд Маскаас хариу хүлээж байгаагаа мэдээлжээ.
“Анх тэр намайг тулаанд дуудах үед би наймдугаар сарын 26-ны өдрийг санал болгосон. Гэхдээ тэр хариу өгөөгүй байна. Амьсгаа даран хүлээж байна” гэж тэр өөрийн саяхан зах зээлд гаргасан Threads платформ дээр бичсэн байна.
Threads нь сар гаруйн өмнө зах зээлд нэвтэрсэн бөгөөд Маскийн X сошиал платформын шууд өрсөлдөгч юм.
Өчигдөр Закербэрг бас Х платформыг тулааны шууд дамжуулалтад ашиглах Маскийн саналд тохуурхсан утгатай хариу өгсөн байна.
“Буяны үйлсэд мөнгө босгох гэж байгаа бол илүү найдвартай платформ ашигласан нь дээр биш үү?” гэж тэр бичжээ.