АНУ, Монгол Улс хооронд 2024 оны II улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо
2023/08/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад айлчилж байна. Айлчлал өнөөдөр \2023.08.02\ эхэлж, Ерөнхий сайд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Харристай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.

Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар:

  • “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлах
  • “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна.

Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404