Зам тээврийн осол гаргасан Шинэ Зеландын хууль зүйн сайд албан тушаалаасаа огцорлоо
9 сарын өмнө

Зам тээврийн осол гаргасан Шинэ Зеланд улсын хууль зүйн сайд Даваа гарагт албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

Сайд Кирипату Аллан огцрох хүсэлтээ ерөнхий сайд Крис Хипкинст гаргаснаа өчигдөр мэдээлсэн байна.

Тэрбээр Ням гарагийн орой автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын автомашиныг мөргөжээ. Ослын газарт ирсэн цагдаа нар түүний цусанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн спиртийн агууламж байгааг шалгаж тогтоосон байна.

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар сайд хэсэг хугацаанд саатуулагджээ.

Энэ оны нэгдүгээр сард Жасинда Ардерны засгийн газар огцорсны дараа зүүн төвийн үзэлтэй ерөнхий сайд Крис Хипкинс өөрийн танхимыг шинээр бүрдүүлсэн юм.

Аллан нь өнгөрсөн богино хугацаанд огцорсон Хипкинсийн танхимын дөрөв дэх сайд болж байна.

Энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр Шинэ Зеландад парламентын ээлжит сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах гэж байгаа.

Хипкинсийн Хөдөлмөрийн нам одоо рэйтингээрээ гол сөрөг хүчин болон баруун төвийн үзэлтэй Үндэсний намын ард жагсаж байна.

Тиймээс хууль зүйн сайд огцорсон явдал нь эрх баригчдын хувьд том цохилт болох юм.

“Хууль зүйн сайд гэмт хэрэгт холбогдох нь байж боломгүй зүйл. Түүний үйлдлүүдийг зөвтгөх аргагүй ч ослын үед тэр сэтгэл санааны маш их дарамттай байснаа надад хэлсэн. Энэ асуудал нь өчигдөр ил гарсан бололтой” гэж Хипкинс сайдынхаа талаар ярьжээ.

Аллан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Сүүлийн долоо хоногт би хувийн хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байв. Би асуудлуудаа шийдвэрлэхийн тулд ажлаасаа чөлөө авсан юм. Хувийн бэрхшээлээ би сайдын ажилтай хамт даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Өчигдрийн болсон явдлын дараа би өөрийгөө ингэж чадахгүйг ойлголоо. Би өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ урмыг хугаллаа. Сайдын албан тушаалд үлдэх ямар ч боломжгүй гэж үзэж байна” гэж хэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404