Жюү жицүгээс зодог тайлах хүртлээ бүх тэмцээнд оролцож, амжилтын төлөө өөрийгөө дайчилна
7 сарын өмнө

Жюү Жицү холбооны хамгийн том, бүсний ангилалгүй тэмцээн болох “Улаанбаатар-2023” ДАШТ-д хүрэл медаль хүртсэн “Женко” клубийн тамирчин, Азийн хошой аварга Б.Хулантай ярилцлаа. 

Тэрбээр бөхийн төрлөөс жүдо, самбо, жюү жицүгээр хичээллэж тив, ДАШТ, олон улсын тэмцээнээс  цөөнгүй медаль хүртжээ.

-Та жюү жицүгээр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Бөхийн спортоор 12 жил хичээллэж байна. Жюү жицү гэсэн үндсэн төрлөөр хичээллээд найман жил болсон.

-Жюү жицү ямар онцлогтой вэ?
-Бусад спортоос олон давуу талтай. Каратэд хөлийн ажиллагаа голдуу байдаг, жудо гар нь гартаа, хөл нь хөлтөйгөө, самбо хөл, гар холимог барилддаг. Харин жюү жицү хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх эд эс, үе мөчөө оролцуулж барилддаг онцлогтой. Бөх гэхээсээ илүү тулааны спорт гэж болно.

-Та энэ удаагийн ДАШТ-д хэр бэлтгэлтэй оролцов?
-Дэлхийн аварга болно гэсэн эрмэлзэлтэй бэлтгэл сургуулилтаа хийсэн. Гэвч Зооны аваргын барилдаанд харамсалтай алдаа гаргаж ялагдсан. Хүрэл медалийн төлөө барилдаад, медалаа авч чадсан. Эх орондоо барилдаж байгаа учир  медаль авна гэсэн итгэлтэй байсан.

Шавь нар маань 6-8 настай ч  хүзүү нь шохойжсон эсвэл утас их тоглосоор байгаад гар хөл нь хөшүүн, хараа нь тогтдоггүй. 

-Өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байв уу?
-Монголд зохиогдож байгаа гэдэг утгаараа сэтгэл зүйн хувьд дарамттай байсан. Медаль авахгүй бол яана, яах билээ гэх айдастай байв. Нөгөө талаар барилдааны өдөр дэвжээн дээр гарч ирээд,  би чинь эх орныхоо дэвжээн дээр, шавь нарынхаа хажууд, аав ээж, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө барилдаж байгаа шүү гэсэн урам зоригтойгоор барилдсан.

-Та яагаад энэ спортыг сонгосон бэ?
-Бусад спортыг сайн мэдэхгүй ч манай тамирчид гэр бүлсэг, найз нөхдийн дотно уур амьсгалтай. Зарим газарт нэгнээ доош татах хандлага харагддаг бол жюү жицүгийн тогоонд хэн нэгнээ муулах, өсөрхөх явдал байдаггүй. Үргэлж нэгнээ дэмжиж, хамгаалдаг. Энэ  дулаан уур амьсгалд нь татагдаж энэхүү спортод гүн “орсон доо”.

-Та бүхэн олон улсын тэмцээнд оролцоход ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
-Жюү жицү сүүлийн 12 жилийн хугацаанд Монголд эрчимттэй хөгжиж байна. Иймд хүмүүс мэдэх нь цөөн. Дэмжлэгийн хувьд асуудалтай. Бор зүрхээрээ явна. Заримдаа тамирчид хувиасаа зардлаа гаргаад явах үе ч бий. Бэлтгэл, бусад зүйлс дээр нэг нэгэндээ тултал бэлтгэлийг нь хангаж өгөөд явуулдаг ч зардлыг өөрсдөө гаргадаг.

-Танд хүндэлдэг тамирчин бий юу?
-Тамирчин болгоноос үлгэр дуурайл авах зүйлс байдаг. Жишээлбэл АНЭУ-ын тамирчин Аль-Кетби Файсаль өдгөө 36 настай ч -94 кг-ын жинд дэлхийн аваргад тав дахь удаа түрүүлсэн нь надад ч ийм боломж байгаа шүү гэдгийг харуулсан.

-Таны хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Хүрэл медалийн төлөө барилдсан Йорданы тамирчин Какиш Яара. Бид өмнө нь дэлхийн дэвжээн дээр дөрвөн удаа таарсан юм. Дөрвүүлэнд нь би ялагдал хүлээсэн ч энэ удаа ялж, 4:1 харьцаатай болж чадлаа. Олон хожигдсон болоод тэр үү миний хамгийн хүнд өрсөлдөгч гэж хэлнэ.

-Жюү жицүгээр хичээллэж эхлэх гэж буй хүүхэд, залуус юунд анхаарах ёстой вэ?
-Би Thunder BJJ Academy клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Шинээр орсон хүүхдүүдэд ингэж хэлдэг. Эхний ээлжид заавал тамирчин болох албагүй. Энэ спортоос сайныг нь олж хараад, зөв хүмүүжил аваад гараасай. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, амьдралын зөв хэв маягт  төлөвшөөсэй гэж хүсдэг.

Шавь нар маань 6-8 настай ч  хүзүү нь шохойжсон эсвэл утас их тоглосоор байгаад гар хөл нь хөшүүн, хараа нь тогтдоггүй. Бэлтгэл хийгээд нэг юманд анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр хүүхдүүд төлөвшиж эхэлнэ. Оюун ухаан, биеийн хувьд ч өөрчлөгддөг.

Тухайн хүүхдийн өөрийнх нь хүсэл тэмүүлэл цааш үргэлжлүүлэх эсэхийг шийддэг. Амжилт гаргаад, том тамирчин болохыг үгүйсгэхгүй. Жюү жицүгээр хичээллээд, сонирхоод үзээсэй гэж л хэлье.

-Та ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Жюү жицүгээс зодог тайлах хүртлээ бүх тэмцээнд оролцож, амжилт гаргахын төлөө өөрийгөө дайчилна. Ойрын зорилго бол хар бүстэй болох. Холын зорилго нь дэлхийн аварга болох.

-Таны дараагийн тэмцээн хэзээ болох вэ?
-Аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмарат улсад мэргэжлийн бүсний ангилалтай ДАШТ зохиогдоно. Бор бүсний аваргын төлөө барилдана даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404