БНХАУ 3 сарын дотор 5G сүлжээний 600 мянган станц суурилуулжээ
9 сарын өмнө

Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар Хятад улс үүрэн холбооны шинэ үеийн технологи болох 5G сүлжээний бараг гурван сая орчим суурин станцыг орон даяараа суурилуулж дууссан байна.

Өөрөөр хэлбэл төлөвлөгөөт хугацаанаасаа зургаан сарын өмнө уг зорилтыг биелүүлжээ.

Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд тус улс 600,000 гаруй станц суурилуулсан байна. Харьцуулбал 2019-2021 оны хугацаанд АНУ даяар 100,000 орчим 5G станц суурилуулж байжээ.

Энэ оны гуравдугаар сард Хятадын Мэдээллийн Технологи, Аж Үйлдвэрийн яам 2023 онд багтаан 2.9 сая станц суурилуулах зорилт танилцуулж байв.

“Зургаадугаар сарын сүүлийн байдлаар Хятад даяар суурилуулсан 5G станцын тоо 2.937 саяд хүрч, муж, дүүргийн хэмжээний бүх хот суурин газруудыг хамарч дууслаа” гэж Мэдээллийн Технологи, Аж Үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Зигуо өчигдөр Бээжин хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.

5G суурин станцуудын тоо нь уг сүлжээний хамрах хүрээ, багтаамжийг илэрхийлдэг.

Хугацааны алдагдал багатай, өндөр хурдтай холболт шаарддаг жолоочгүй автомашин, зайн эмчилгээ, ухаалаг үйлдвэр зэрэг үйлчилгээнүүдийн хувьд уг сүлжээ маш чухал юм.

Заогийн өгсөн мэдээллээр бол одоо Хятадад 676 сая гар утас, 2.12 тэрбум гаруй IoT (Internet of Things) мэдрэгч төхөөрөмж 5G сүлжээнд холбогджээ.

Хятад улс 2019 онд анх 5G сүлжээнд шилжиж эхэлсэн юм.

Тухайн үетэй харьцуулахад одоо аж үйлдвэрийн зориулалттай 5G модулиудын дундаж үнэ 400 юань ($55.41) хүрэхгүй хэмжээнд хүртэл буурч, суурин станцын эрчим хүчний зарцуулалт 20 хувиар багассан нь шилжилтийг улам хурдасгасан байна.

5G технологи ашигласан ухаалаг үйлдвэрүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж, бүтээмж нь ердийнхтэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөнийг судлаачид мэдээлжээ.

“5G технологийн тусламжтай үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн гаргах хугацаа 20.7 хувиар буурч, бүтээмж нь 34.8 хувиар өссөн. Гэмтэл согогтой бүтээгдэхүүн гаргах дундаж үзүүлэлт 27 хувиар буурч, хүлэмжийн хий ялгаруулалт 20 орчим хувиар багассан байна” гэж Хятадын Мэдээллийн Технологи, Аж Үйлдвэрийн яамны хяналт, зохицуулалтын хэлтсийн захирал Тао Чин ярьсан байна.

Аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, тээвэр ложистик гээд 40 гаруй эдийн засгийн салбарт 5G технологийн шилжилт эхэлснийг бас мэдээлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404