Холливүүдийн жүжигчид ажил хаялт зарлалаа
9 сарын өмнө

Холливүүдийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэл студи, стриминг үйлчилгээнүүдтэй гэрээгээ сунгах тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлажээ.

Тэд өмнө нь ажил хаялт зарлаад байсан кино зохиолчидтой ийнхүү тэмцлээ нэгтгэж байгаа юм. Сүүлийн 60 гаруй жилийн түүхэнд анх удаа Холливүүдэд ийм өргөн хүрээний ажил хаялт болж байна.

Жүжигчид одоогийн гэрээнийхээ ажлуудыг дуусгасны дараа дахин ажил авахгүй байхаар шийдвэрлэснийг Screen Actors Guild- American Federation of Television and Radio Artists (SAG-AFTRA) байгууллагын гүйцэтгэх захирал Дункан Крэбтри-Айланд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Жүжигчдийн эрх ашгийг хамгаалдаг тус байгууллага Disney, Netflix, Amazon зэрэг видео стриминг үйлчилгээний компаниудыг төлөөлдөг Alliance of Motion Picture and Television Producers байгууллагатай гэрээгээ сунгах яриа хэлэлцээг сүүлийн нэг сар гаруй хугацаанд хийсэн ч үр дүнд хүрээгүй юм байна.

Жүжигчдийн хувьд өмнө нь хамгийн сүүлд 1980 онд ажил хаялт зохион байгуулж байжээ. Харин зохиолчидтой хамтарсан ажил хаялт 1960 оноос хойш анх удаа болж байгаа нь энэ юм.

Энэ тэмцэлтэй холбогдуулан өчигдөр Лондон хотод “Oppenheimer” киноны нээлтийг нэг цагаар урагшлуулсан нь тус киноны жүжигчдийг ажил хаялт эхлэхээс өмнө амжиж улаан хивсний ёслолд оролцуулах зорилготой байв.

Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер жүжигчдийн эсэргүүцэл “салбарыг бүхэлд нь хохироох аюултай”-г урьдчилан анхааруулсан юм.

Холливүүдийн жүжигчдийг төлөөлөх байгууллага SAG-AFТRA зургаадугаар сарын 7-нд студи, стриминг компаниудтай гэрээгээ шинэчлэн байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж байлаа.

Үүнээс өмнө зохиолчдыг төлөөлдөг Writers Guild of America (WGA) холбоо мөн өмнөх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу тавдугаар сарын 2-ноос өмнө амжиж гэрээгээ сунгах байсан ч тохиролцоонд хүрч чадалгүй ажил хаялт зарлаад байв.

SAG-AFTRA байгууллагад 160,000 гаруй жүжигчин, телевизийн хөтлөгч, сэтгүүлч, орлон тоглогч зэрэг дэлгэцийн уран бүтээлчид багтдаг. Тэдгээрийн 65,000 орчим нь телевиз, киноны жүжигчид юм.

Харин зохиолчдыг төлөөлдөг WGA холбоо нь 11,500 орчим гишүүнтэй ажээ.

Уран бүтээлчид хөдөлмөрийн хөлснийхөө хэмжээг нэмэгдүүлэх зорилготой тэмцэж байгаа юм. Жүжигчдийн тэмцэлд Мэрил Стрип, Женифер Лоренс, Боб Оденкирк зэрэг алдартнууд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Ажил хаялтын улмаас “Saturday Night Live” зэрэг хэд хэдэн телевизийн шоунууд зогсож, Netflix-ийн “Stranger Things”, HBO Max-ийн “Hacks”, Fox-ийн “Family Guy” зэрэг цувралуудын ажил саатаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404