Швед улс НАТО-д элсэхийг Туркийн эрх баригчид зөвшөөрлөө
9 сарын өмнө

Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргасан ч Турк улсын эрх баригчдын хоригийн улмаас гацаад байв.

НАТО-гийн бүх гишүүн орон дэмжсэн тохиолдолд шинэ гишүүнийг элсүүлдэг журамтай.

Курдийн салан тусгаарлагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэсэн шалтгаанаар Анкарагийн эрх баригчид Шведийн хүсэлтэд хориг тавиад байв.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган байр сууриа өөрчилж, Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрөхөө мэдэгджээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг уг шийдвэрийг зарласан өдрийг “түүхэн” хэмээн онцолсон байна.

“Швед улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэх үйл явц амжилттай хэрэгжсэн нь энэхүү эгзэгтэй цаг үед бүх гишүүн орнуудын аюулгүй байдалд ашигтай түүхэн алхам болж байна. Бид улам хүчтэй, аюулгүй боллоо” гэж тэр мэдэгджээ.

Одоо Туркийн парламент Швед улсыг дэмжих тогтоол батлах ёстой. Эрдоган уг тогтоолыг батлуулж чадахаа амласан байна.

НАТО-гийн бусад гишүүн улсуудаас одоо ганц Унгар л энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа. Гэхдээ тус улсын ерөнхий сайд Виктор Орбан ганцаараа үлдэж, үйл явцад саад учруулахгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Швед улс болон ерөнхий сайд Кристерссоныг НАТО-гийн 32 дахь гишүүнээр хүлээж авахдаа таатай байх болно” гэж мэдэгдээд Столтенбэргт баяр хүргэжээ.

Турк улс байр сууриа өөрчлөхдөө тус улсын Европын Холбоонд гишүүнээр элсэх үйл явцыг түргэсгэх хариу нөхцөл тавьсан гэлцэж байна.

Туркийн хувьд 2005 оноос хойш Европын Холбооны гишүүнд нэр дэвшигчийн статустай болсон ч өнөөдрийг хүртэл ахиц дэвшил гараагүй байгаа юм.

Энэ нь Анкарагийн эрх баригчдын ардчилсан засаглал, хуулийн шинэчлэл Европын Холбооны шалгуурт нийцэх эсэхэд эргэлзэж байгаагаас болсон гэдэг.

Украины дайн эхэлснээс хойш Финланд, Швед улсууд олон жил баримталсан төвийг сахих гадаад бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх шийдвэр гаргасан юм. Энэ оны эхээр Финланд улс тус байгууллагын 31 дэх гишүүн болоод байгаа.

Одоо Украиныг НАТО-д элсүүлэх асуудал ид яригдаж байна.

Өнөөдөр Литвийн нийслэл Вильнюс хотод эхлэх НАТО-гийн дээд хэмжээний чуулганаар уг асуудлыг хөндөх юм.

Энэ асуудлаар гишүүн орнууд хуваагдаад байгаа. Зүүн жигүүрийн гишүүн орнууд Украин улс яг хэзээ элсэх хугацааг амлах ёстой гэж үзэж байна.

Харин АНУ, Герман зэрэг өрнөдийн орнууд тодорхой хугацаа тогтоохоос болгоомжилж, хэзээ нэг цагт элсүүлэх амлалт өгөх сонирхолтой байгаа юм.

“Удаан хүлээгдсэн энэ шийдвэр (Шведийг элсүүлэх) манай улсын НАТО-д элсэх замыг богиносгоно гэдэгт найдаж байна. Бас Украины урилгатай холбоотой тодорхой шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой цаг үе тохиож байна” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404