Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй уулзлаа
7 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийж байна. 

Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan Cazenove, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцож байна.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний уламжлалт баяр наадмын мэнд хүргээд улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр,

“Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.

Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах том алхмуудын нэг юм. Сонгуулийн холимог тогтолцоо нийгмийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад орж ирэх үүд хаалгыг нээж, жендэрийн тэгш байдлыг хангаж, бусад намуудад томоохон боломж олгох болно. Илүү ил тод, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна” гэдгийг онцоллоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах журмуудыг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болох юм.

Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийж буй Ерөнхий сайдын өглөөний уулзалт үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404