Хар тамхины гэмт хэрэгтнүүдээс зугтахын тулд нислэгийн чиглэлийг хүчээр өөрчлүүлсэн хэрэг АНУ-д гарав
9 сарын өмнө

Alaska Airlines компанийн нислэгийн нэгдүгээр ангиллын нэг зорчигч онгоцыг унагахаар сүрдүүлж, чиглэлийг өөрчлүүлсэн нь үнэндээ хар тамхины гэмт хэрэгтнүүдээс зугтах оролдлого байсныг Холбооны Мөрдөх Товчоо мэдээлжээ.

Лхагва гарагт АНУ-ын Сиэтл хотод газардах ёстой байсан онгоцыг уг зорчигч өөр ямар ч хамаагүй хотод газардуулахын тулд “онгоцонд бөмбөг тавьсан” гэж сүрдүүлсэн байна.

Тэрбээр нислэгийн үеэр онгоцны багийнханд нэг зурвас өгчээ. Уг зурваст “Онгоцонд бөмбөг байгаа. Тоглоом биш. Нэлээд хэдэн килограмм жинтэй гар хийцийн бөмбөг миний ачаанд байгаа. Надад тэслэгч нь бий. Бүгдийг миний хэлснээр хийхгүй бол би онгоцыг дэлбэлж, бүх зорчигч үхэх болно. Та нарын гарт олон гэмгүй хүний амь нас байна. Надад алдах юм байхгүй” гэж бичсэн байна.

Түүний шаардлага нь маш энгийн “Онгоцыг өөр хаана ч хамаагүй газардуулах” байжээ.

Хэрвээ онгоц өөр хотод газардвал тэр ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөхөө бас амласан байна.

Ингээд Атланта хотоос Сиэтлийн чиглэлд нисэж байсан Alaska Airlines 334 дугаартай онгоц чиглэлээ өөрчлөн Спокан олон улсын нисэх буудалд газарджээ.

Газардсаны дараа цагдаа нарт баривчлагдсан зорчигч өөрийг нь Сиэтл хотод Мексикийн Синалоа картелийн гишүүд хүлээж байсан тул ингэх болсноо мэдүүлсэн байна.

Картелийнхан өөрийг нь тамлан зовоож, алахаар бэлдсэн байсан гэж тэр ярьжээ.

Пүрэв гарагт Спокан хотын холбооны шүүхийн байранд онгоц барьцаалагчийн хэргийн анхны шүүх хурал болсон байна.

Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл тав хүртэл жилийн хорих ял оноох ажээ.

Синалоа нь дэлхийн хамгийн аюултай картелуудын нэг бөгөөд АНУ-д хууль бусаар хар тамхи нийлүүлэхэд гол үүрэгтэй оролцдог юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404