АНУ-ын ерөнхийлөгч унтахдаа тусгай багаж зүүдэг болсныг Цагаан ордон мэдээлжээ
10 сарын өмнө

Унтах үед амьсгал тасалддаг эмгэгтэй болсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тусгай багаж зүүх болсныг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэр Байдены нүүрэнд ямар нэг зүйлийн мөр үлдсэн байсан юм.

Энэ талаар сэтгүүлчид тодруулахад Цагаан ордны хэвлэлийн алба түүнийг CPAP (Continous Positive Airway Pressure) гэдэг агаарын урсгалыг дэмжих багаж нүүрэндээ зүүж унтдаг болсныг тайлбарлажээ.

“2008 онд ерөнхийлөгч унталтын үеэр амьсгал тасалдах эмгэгтэй болсон нь эрүүл мэндийн үзлэгээр оношлогдож байв. Ийм эмгэгтэй хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг CPAP багажийг тэр өнгөрсөн шөнө зүүж унтсан юм” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эндрью Бэйтес мэдэгдсэн байна.

Энэ мэдээ Жо Байдены өндөр настай холбоотой Америкчуудын санаа зовнилыг улам нэмэгдүүлж байгаа юм.

Одоо 80 настай тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчид тооцогддог. Хэрвээ 2024 онд Байден хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөж ялбал 86 нас хүртлээ Цагаан ордонд сууна.

NBC сувгаас саяхан зохион байгуулсан санал асуулгад оролцогчдын 70 хувь нь Байденыг 2024 оны сонгуульд өрсөлдөх хэрэггүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний 48 хувь үүнд өндөр нас нь нөлөөлснийг тайлбарласан байна.

Байдентай өрсөлдөх Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид ч бас ингэж үзэж байгаа.

Тухайлбал 77 настай Дональд Трамп өрсөлдөгчөө “нойрмог Жо” гэж хочилдог. Өмнөд Каролинагийн захирагч асан Никки Хэли бас Байденыг "86 нас хүртлээ ерөнхийлөгчийн албыг хаших чадваргүй" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дээрх хоёр хүн 2024 онд Бүгд Найрамдах намаас нэр дэвших өрсөлдөөнд оролцож байгаа.

Унталтын үеэр амьсгал тасалдах эмгэг нь даамжирвал цусны даралт, зүрх судасны асуудалд хүргэдэг гэдэг. АНУ даяар 30 сая орчим хүн ийм эмгэгтэй байдгаас 8 сая нь CPAP багажийг хэрэглэдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404