АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг яллагдагчаар татах хурал болно
2023/04/04

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно жүжигчин Сторми Дэниэлст мөнгө төлөхдөө “Trump Organization” компанийнхаа санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт яллагдагчаар татах хурал Нью-Йорк хотын шүүхэд өнөөдөр болох бөгөөд Д.Трамп шүүх хуралд ирэх төлөвтэй байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд гол өрсөлдөгчид тооцогдож байгаа Д.Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан анхны Ерөнхийлөгч асан болох юм. Гэсэн хэдий ч энэ нь Үндсэн хуульд зааснаар сонгуульд оролцоход нь саад болохгүй гэж тус улсын хэвлэлүүд бичиж байна. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч асны хэргийн яллах дүгнэлт олон нийтэд одоогоор ил болоогүй байна. Нью-Йоркийн прокурорууд ихэвчлэн хэрэгт холбогдогч шүүхэд ирсний дараа л ил болгодог. Үүний зэрэгцээ прокурорын байгууллага өөрийн үзэмжээр яллах дүгнэлтийг нийтлэхээ хойшлуулж болно.

 

Д.Трамп өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь зүүний хүчнийхний сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого гэж мэдэгджээ. Цагаан ордны эзэн асан мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго дахь эдлэн газраасаа мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.

 

Гуравдугаар сарын 30-нд Нью-Йоркийн тангарагтны шүүх Д.Трампыг санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгахад байгаа нотлох баримтуудыг хангалттай гэж үзсэн юм. Ардчилсан намын Элвин Брэггийн удирддаг тойргийн прокурорын газрын мэдэгдсэнээр, энэ хэргийн гол гэрчүүдийн нэг болох Д.Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр 2006 онд Сторми Дэниэлстэй харилцаанд орж байсныг нь олон нийтэд ил болгуулахгүйн тулд уг жүжигчинд 130 мянган ам.доллар төлсөн байна. 

 

М.Коэнд уг мөнгийг “Trump Organization” компанийн данснаас гаргаж өгсөн бөгөөд ингэхдээ компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж прокурорууд үзэж байгаа аж. 

 

Баримт бичгийг хуурамчаар үйлдэх нь Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд жижиг гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ихэвчлэн хорих ял оногдуулдаггүй. Гэхдээ тангарагтны шүүх баримт бичгийг өөр гэмт хэргийг нуун дарагдуулах эсвэл үйлдэх зорилгоор хуурамчаар үйлдсэн гэж үзвэл Д.Трамп дөрвөн жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404