Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна
2022/12/27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 40 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 719 хэрэг шалгагдаж байгааг АТГ-аас мэдээллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “Т” нь хахууль авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтан нь Шуурхай удирдлагын төвийн удирдах албан тушаалтантай хамтран албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авдаг гэх;
  • “А” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төсөвт хохирол учруулсан гэх.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404