16-тай хүү цагдаад буудуулснаас болж грекчүүд жагсав
2022/12/07

Грекийн хойд хэсэгт /2022.12.05/ 16 настай цыган хүү цагдаад буудуулснаас болж жагсаал цуглаан боллоо. Өсвөр насны хүү шатахуун түгээх станцаар үйлчлүүлснийхээ дараа 20 еврогийн төлбөрөө төлөлгүй явсан учир цагдаа хойноос нь хөөжээ. Цагдаа хүүгийн араас хөөж явахдаа толгой руу нь буудсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Грект эсэргүүцлийн жагсаал болоод байна.

Хүү одоо Салоники хотын эмнэлэгт эмчлүүлж буй. Харин цагдаагийн офицерыг баривчилж, үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.

Салоники хотын төвд зүүний болон анархист бүлгүүдийн зохион байгуулсан эл жагсаалд 1500 орчим хүн оролцов. Хүмүүс дэлгүүр рүү дайран орж, зарим нь цагдаа нар луу Молотовын коктейль шиджээ. Цагдаа нар жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий, түр хугацаанд харалган болгодог дэлбэлэгч ашигласан байна. 100 орчим цыган эрэгтэй хүүгийн эмчлүүлж буй эмнэлгийн гаднах төв замыг хааж, хогийн савыг шатаажээ. Жагсаал хэн нэгнийг баривчилж, бэртэж гэмтээлгүйгээр дууссан байна.

“Насанд хүрээгүй хүүхдийн амь насанд заналхийлсэн цагдаагийн хэт харгислалтай нийгмийг цаашид тэвчиж чадахгүй” гэж Олон нийтийн хэв журам сахиулах албаны төлөөлөгч Кристос Спирцис хэлжээ. Грекийн цыган нийгэмлэгийн гишүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид эрх баригчдыг “Цыган хүмүүсийг гадуурхаж байна” гэж байнга буруутгадаг. Цыган хүмүүс цагдаад баривчлагдахаас зайлсхийж байгаад буудуулсан, шархадсан хэрэг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарсан.

Эх сурвалж: EURO NEWS

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404