Мозамбикийн шүүх улс орноо $2 тэрбумын өрөнд оруулсан этгээдүүдийг яллаж эхэлжээ
2022/12/01

Мозамбик улсын шүүх “нууц өр” гэгддэг $2 тэрбумын хулгайн хэргийг үйлдсэн 19 этгээдийг яллах ажиллагааг өчигдөр эхлүүлжээ.

Яллагдаж буй 19 этгээдийн дотор экс ерөнхийлөгчийн хүү, аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан асан хүмүүс байгаа юм.Нийслэл Мапуто хотын шүүхийн шүүгч Эфигено Баптиста 1,388 хуудас ялын дүгнэлтийг уншиж танилцуулахад таван өдрийн хугацаа орохыг өчигдөр мэдээлжээ.Шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард эхэлж, энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилж байсан юм.

2013-2014 онд Мозамбикийн төрийн өмчит компаниуд олон улсын банкнуудаас янз бүрийн зориулалтаар нийт $2 тэрбумыг зээлж байжээ.Гэхдээ засгийн газар энэ зээлийг авч байгаагаа парламент болон олон нийтээс нуусан байна.2016 онд энэхүү хулгай илэрснээр Олон Улсын Валютын Сан санхүүгийн тусламж дэмжлэгээ зогсоож, Мозамбикийн үндэсний валютын ханш огцом унаж, гадаад өрөө төлж чадалгүй дефолт зарлаж байжээ.

Хулгайгаар авсан зээлийн $500 сая нь үндсэн зориулалтаараа ашиглагдаагүй, сураггүй болсныг хараат бус аудитын шалгалтаар тогтоож байв.Зээл авах шийдвэрт гарын үсэг зурсан сангийн сайд асан Мануэл Чан 2018 оноос хойш Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хоригдож байгаа. Түүнийг одоо АНУ-ын засаг захиргаа санхүүгийн луйврын хэрэгт холбогдуулан шилжүүлж авахаар бэлдэж байна.

 

Эх сурвалж: Aljazeera

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404