Жак Ма Япон руу "дүрвэжээ"
2022/12/01

ятадын засгийн газраас технологийн салбарын хувийн бизнес, тэдгээрийн эздийг чиглэсэн хяналт шалгалтыг эхлүүлснээс олон бизнесмен "дүрвэх" болсон. Тэгвэл нэг хэсэг сураг тасарсан Хятадын тэрбумтан Жак Ма сүүлийн зургаан сарын турш Япон улсад амьдарч буйг "Financial Times" мэдээлжээ. Интернэт худалдаагаар алдаршсан "Alibaba" группийг үндэслэгч тэрбээр Япон улсад амьдрахын зэрэгцээ АНУ, Израиль руу тогтмол ирж, очиж байгааг түүний найз, "SoftBank" группийг үндэслэгч Масаёши Сон мэдэгджээ. Жак Ма  Токиод төвийн Гинза, Маруноүчи дүүргүүдэд цөөн хэдэн гишүүнтэй клубуудыг ажиллуулах болсон аж. Тэрбээр Японд ирэхдээ тогооч, хамгаалагчдаа авчирсан бөгөөд уран зураг цуглуулах хоббитой болсон гэнэ. 

Нэгэн цагт Хятадын хамгийн баян, хамгийн нэр хүндтэй технологийн удирдагч байсан Жак Ма сүүлийн жилүүдэд засгийн газрын зохицуулалтыг шүүмжилсэний улмаас Бээжинтэй асуудалд орсон. Улмаар финтекийн аварга "Ant" группийн хувьцааг олон нийтэд санал болгох (IPO)-г зогсоосон.  Үүний дараа Хятадын засгийн газраас хувийн хэвшлүүдэд өргөн хүрээтэй шалгалтыг эхлүүлсэн бөгөөд интернэт үйлчилгээний фирмүүдийг голчлон шалгаж эхэлсэн. 

Жак Ма өмнө нь бизнесийн бага хурлуудын үеэр олны анхаарлыг татдаг байсан бөгөөд Covid-19 тахлын эхэнд дэлхийн хэмжээнд шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл болон бусад хэрэгслийг олон улсад хандивлаж байв. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард Жак Ма Хятадын зохицуулагчдыг тайвшруулж, дижитал төлбөрийн нэгжийн "IPO"-г сэргээхийн тулд "Ant" группийнхээ удирдлагыг шилжүүлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн Хятадад цар тахлын хөл хорио үргэлжилж, эдийн засаг унасантай холбоотойгоор "Alibaba" группийн орлого өсөөгүй гэж өнгөрсөн наймдугаар сард мэдээлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG, AFP

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404