Путин цэргийн дайчилгаа дууссаныг баталсан ч хууль ёсны эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлэв
2022/11/02

Даваа гарагийн орой сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа бүрэн дууссаныг батлан илэрхийлжээ.

Есдүгээр сарын 21-ний өдөр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсад анх удаа цэргийн дайчилгаа зарласан нь нийгмийг доргиосон үйл явдал болсон юм.

Үүний улмаас олон мянган эрчүүд хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэж, иргэдийн зарим нь янз бүрийн хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлж байв. Баасан гарагт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зорилго биелсэн тул цэргийн дайчилгааг зогсоож буйг Путинд мэдэгдсэн.

Гэхдээ Оросын олон нийт үүнд эргэлзсэн хэвээр байлаа.

Путин өчигдөр дахин цэргийн дайчилгаа зохион байгуулахгүйг баталсан боловч уг ажиллагааг хуулийн дагуу яаж дуусгах ёстойгоо сайн мэдэхгүй байгааг хэлсэн нь анхаарал татсан юм.

“Үнэнийг хэлэхэд цэргийн дайчилгааг ерөнхийлөгчийн зарлигаар зогсоох нь хуулийн хувьд хүчин төгөлдөр эсэх талаар би бодож байсангүй. Би энэ талаар хуульчидтай зөвлөлдөх болно. Гэхдээ дайчилгаа дууссан. Үүнд эргэлзэх хэрэггүй” гэж тэр ярьжээ.

Путинийг ингэж ярихаас хэдхэн цагийн өмнө Сергей Шойгу дайчилгааны зарлан дуудах хуудас тараах ажлыг зогсоох, дайчилгаанд ажиллаж буй офицеруудыг үндсэн ажилдаа буцаж орох үүрэг өгснөө мэдэгдэж байв.

Зарим иргэд зарлан дуудах хуудас авсан хэвээр байгаа тухай баримтын талаар сэтгүүлчдийн асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа зарим хэсэгт ажиллагаа “инерцээрээ” үргэлжилж байж болзошгүй гэсэн юм.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ОХУ даяар залуусыг хугацаат цэргийн албанд татах ажил эхэлж байгаа. Энэ намар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг Украины фронтод илгээхгүйгээ ОХУ-ын батлан хамгаалах яам амлаж байна.

Гэхдээ Оросын зарим хууль тогтоогчид хугацаат цэргийн албанаас зайлсхийсэн иргэдэд тав хүртэл жилийн хорих ял оноох хуулийн төсөл бэлдэж байгаа тухай мэдээ саяхан Кремлийн суртал нэвтрүүлгийн хэвлэлд нийтлэгдсэн нь хүмүүсийн дунд эргэлзээ үүсгээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Moscow Times

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404