Цар тахлын үеэр сүрьеэ өвчнөөр амиа алдах явдал нэмэгдсэнийг ДЭМБ анхаарууллаа
2022/10/29

Цар тахлын үеэр анхаарал суларснаас 2019-2021 оны хооронд сүрьеэ өвчнөөр амиа алдах явдал тасралтгүй нэмэгдсэн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

Сүрьеэтэй тэмцэхдээ коронавирусийн цар тахлаас авсан сургамж, туршлагаа ашиглахыг ДЭМБ улс орнуудад уриалсан байна.

“Хэрвээ цар тахал бидэнд ямар нэг зүйлийг сургасан бол тэр нь эрүүл мэндийн ноцтой аюулыг давах эв нэгдэл, тууштай байдал, инновац, багаж зэвсэг юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.

2019 онд дэлхий даяар сүрьеэ өвчнөөр 1.4 сая хүн, 2020 онд 1.5 сая хүн, 2021 онд 1.6 сая хүн тус тус нас барсан байна. Гэтэл 2015-2019 оны хооронд сүрьеэтэй холбоотой эндэгдлийн тоо тасралгүй буурч байжээ.

Ойрын жилүүдэд сүрьеэ нь Covid-19 өвчнийг орлож, халдварт өвчинтэй холбоотой хүмүүсийн үхлийн тэргүүлэх шалтгаан болж болзошгүйг ДЭМБ анхааруулсан байна.

2021 онд дэлхий дахинд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо 10.6 саяд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 4.5 хувиар өссөн дүн ажээ.

Сүрьеэ өвчний эндэгдэл Энэтхэг, Индонез, Филиппин, Пакистан улсуудад хамгийн олон бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404