Далайн хүчтэй хар салхи Японы өмнөд арлыг дайрах үеэр хоёр хүн амь үрэгдэж, 260,000 өрх цахилгаангүй болжээ
2022/09/20

Японы түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох далайн хар салхинуудын нэг Даваа гарагт Японы үндсэн дөрвөн арлын хамгийн өмнөд арал болох Кюүшүг дайрсан байна.Бямба гарагт эрх баригчид Нанмадол хар салхины зам дээр амьдардаг 9.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргаж байв.Даваа гарагийн өглөөний байдлаар Кюүшү аралд нүүрлэсэн гамшгийн үеэр хоёр хүн амь үрэгдсэн нь батлагдаж, 260,000 орчим айл өрхийн цахилгаан хангамж тасарсан байна.

Хар салхи өчигдөр орой төв бүсийн Хоншү арал руу шилжжээ.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу нисэх байсан ч хар салхины гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор аяллаа нэг өдрөөр хойшлуулсан байна.

Нанмадол нь энэ онд дэлхий дахинд ажиглагдсан хамгийн хүчтэй хар салхинуудын 14 дүгээрт бичигдэж байгаа юм. Бас Япон улсын түүхэнд албан ёсоор бүртгэгдсэн тав дахь хамгийн хүчтэй хар салхи болжээ.Хар салхи газардахаас өмнө 13 сая хүн амтай Кюүшү арлын эрэг орчмын нам дор газарт амьдардаг хүмүүсийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн юм.Бас үер ус, хөрсний гулгалтын “онцгой түгшүүр” зарласан нь Окинава мужаас гадна зарлагдсан анхны тохиолдол болжээ.

Нанмадол хар салхи одоо Хоншү арлын Ямагүчи мужийн нутагт 20 км/цаг хурдтай зүүн хойд зүгт нүүж байгаа ба хоёр өдрийн дараа арлаас гарч, Номхон далайд шилжих төлөвтэйг Японы цаг уурын хүрээлэн мэдээлж байна.Нанмадолын ангиллын супер хар салхинууд дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 28 дугаар шугамыг бараг давдаггүй буюу Японы үндсэн арлуудад хүрдэггүй байсан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийм төрлийн хар салхины давтамж нэмэгдэж, үйлчлэх хүрээ нь өргөжиж байгаа ажээ.

Ойрын 30 жилийн төлөв байдлыг компьютер загварчлалаар тооцоолоход Номхон далайн баруун хэсэг дэх усны температур Цельсийн 3 хэмээр нэмэгдэхэд супер хүчтэй хар салхинууд Японы арлуудад байнга хүрдэг болох дүгнэлт гарсан байна.

 

Эх сурвалж: Kyodo News

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404