АНУ-ын тэнгисийн флот Пелосигийн айлчлалын өмнө Тайвань арлын ойролцоо тэнгист дөрвөн хөлгөө илгээжээ
2022/08/04

Мягмар гарагт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилж зарлалгүйгээр Тайвань аралд айлчилсан нь Бээжингийн эрх баригчдыг бухимдуулсан үйл явдал болсон билээ.

Тэрбээр 1997 оноос хойш Тайваньд хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа.Хятадын засгийн газар айлчлах төлөвлөгөөгөө цуцлахыг удаа дараа шаардаж, хэрвээ айлчлал хэрэгжвэл “ноцтой үр дагавар” амсахыг анхааруулж байв.Пелосигийн айлчлалын өмнөхөн АНУ-ын тэнгисийн флотын дөрвөн хөлөг онгоц Тайванийн зүүн тэнгисийн усанд ирж байрласныг Пентагоны албаны эх сурвалж мэдээлжээ.

USS Ronald Reagon нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг янз бүрийн зориулалттай USS Antietam, USS Higgins, USS Tripoli байлдааны хөлгүүд дагалдсан байна.Тэдгээрийн нарийн байрлалыг эх сурвалж тодорхой хэлээгүй ч Тайвань арлын зүүн хэсэгт оршдог Филиппиний тэнгис болохыг баталжээ.“Эдгээр нь болзошгүй тохиолдолд хариу арга хэмжээ авах чадвартай ч энэ бол ердийн, байнга давтагддаг ажиллагаа юм” гэж Пентагоны эх сурвалж тайлбарласан байна.

Пелосигийн айлчлалын өмнө Тайванийн хоолойд талуудын цэрэг зэвсгийн ажиллагаа идэвхэжсэн юм.Өчигдөр өглөө Хятадын Ардын Чөлөөлөх Армийн нисэх онгоцнууд талуудыг тусгаарладаг усан хилийн ойролцоо нислэг үйлдсэн байна. Даваа гарагаас хойш Хятадын флотын хэд хэдэн хөлөг энэ шугамын ойролцоо байрлаж байгааг холбоотой эх сурвалж мэдээлсэн юм.Ойрын өдрүүдэд Хятадын арми Тайванийн хоолойд цэргийн томоохон сургуулилалт явуулах төлөвтэй байна.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэрвээ Пелоси айлчлалаа хэрэгжүүлбэл гаргасан үйлдэлдээ хариуцлагатай байхыг Бээжингийн эрх баригчдад анхааруулсан юм.“Спикер айлчлахаар шийдсэн тохиолдолд Хятад улс зөрчлийг хурцатгах, хямрал үүсгэх гэсэн аливаа оролдлого гаргавал Бээжингийн эрх баригчид хариуцлагыг бүрэн хүлээх ёстой” гэж тэр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters, Aljazeera

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404