Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв
2022/07/06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ боломжууд, тухайлбал, гурван улсын хоорондын онцгой томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах  зэрэг төслүүдийг онцлон ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн баялаг үйл явдлаар дүүрэн байсныг дурдаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, нэн ялангуяа, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэн, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.Мөн  уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэйг дурдав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404