Сиднейд онцгой байдал зарласан тул иргэдийг хотоо түр орхихыг хүсэв
2022/07/04

Австралийн хамгийн том хот болох Сиднейн баруун өмнөд хэсэгт өнөөдөр /2022.07.03/  аадар бороо орж, зүүн эрэгт хүчтэй салхи шуурч байгаа тул үерийн гамшигт нэрвэгдэх магадлалтай газрын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг засгийн газраас уриалав. Шинэ Өмнөд Уэльс мужийн Ньюкаслаас Бэйтеманы булан хүртэлх зүүн эргийн бүс нутагт аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Ойрын хоёр өдөр бороо ширүүсэх төлөвтэй байгааг цаг агаарын товчоо анхааруулаад байна.

Шинэ Өмнөд Уэльсийн Онцгой байдлын яамны сайд Стеф Күүк  хэвлэлийн бага хурал дээр "Бид одоо  үер, эрэг орчмын элэгдэл зэрэг олон фронтын аюултай тулгарч байна" гэж мэдэгдэв. Тэрбээр  сурагчдын амралт эхлэх үеэр цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн тул амралт зугаалгын аялалаа түр хойшлуулахыг иргэдээс хүслээ. "Энэ бол амь насанд аюултай онцгой нөхцөл байдал" гэж Күүк онцолсон байна.

Олон газар 200 миллиметр (8 инч) бороо орж, зарим нь 350 миллиметрт хүрсэн гэж Ус цаг уурын товчоо Непеан голын дагуу үерийн аюулаас сэрэмжлүүлэв.

Хүчтэй аадар борооны улмаас Сиднейн гол далан нэг шөнийн дотор дүүрч, халих шатандаа орсон  гэж усны албаныхан мэдэгджээ. Загварчлалаас харахад асгарсан ус 2021 оны гуравдугаар сард Варрагамба далан дээр гарсан томоохон асгаралттай харьцуулах боломжтой гэж нэмж хэлэв. Энэ нь маш аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна.

"Далан доторх ус асгарч эхэлж байна. Гол мөрөн маш хурдан, маш аюултай урсаж байна. Бороо орохоос шалтгаалаад үерлэх эрсдэлтэй байна" гэж Онцгой байдлын албанаас мэдээлээд байгаа аж. Өнгөрсөн хоногуудад  үерийн уснаас 29 хүнийг аварч чаджээ. Аврагдсан нэг хүн нь бүтэн нэг цагийн турш шон дээр дүүжлэгдэж байсан бөгөөд ажилчид аврах  гэж тэмцэж байсан юм.

Австралийн засгийн газар тус мужид 100 цэрэг, аврах ажиллагаанд туслах хоёр нисдэг тэрэг өгсөн гэж Батлан ​​хамгаалахын сайд Ричард Марлес "Sky News" телевизэд мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404