В.Зеленский: Мөргөлдөөнийг ирэх өвлөөс өмнө дуусгахыг хүсэж байна
2022/06/28

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Их 7” бүлэгт хандан цэргийн ажиллагааг сунжруулах нь Украины ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж мэдэгдээд цэргийн тусламж үзүүлэхдээ үүнийг тооцоолохыг хүсжээ. Тиймээс Зеленский ирэх хэдэн сарыг дээд хэмжээнд ашиглахыг уриалсан байна.

Тэрбээр Киевт агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэх, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах хүсэлт тавьсан байна. Үүний сацуу Украины төрийн тэргүүн аюулгүй байдлын баталгаа олгох, Украиныг сэргээн босгоход туслалцаа үзүүлэх, үр тариа экспортлоход нь тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэрбээр Оросын цэргийн ажиллагааг ирэх өвлөөс нааш дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Энэ үеэр Украинаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Сергей Кислица НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай хуралдуулж, НҮБ-ын тэргүүн Антониу Гутерришийг үг хэлүүлэх хүсэлт тавьсан байна. Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлт нь Оросын тал пуужингийн цохилт өгөх нь эрчимжсэнтэй холбоотой. Тэрбээр Кременчуг хотын худалдааны төвд өгсөн цохилттой холбоотой асуудлыг хэлэлцэх хүсэлт тавьсан байна. Даваа гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский Кременчуг хотын худалдааны төв шатаж байгаа тухай мэдээлсэн. Тэрбээр Оросын зүгээс пуужингийн цохилт өгсөн гэж буруутгасан билээ.

ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрийн Полянский Кременчуг дэх нөхцөл байдал Буча хотод Украины талаас зохион байгуулсан өдөөн хатгасан ажиллагааг санагдуулж байна гэж мэдэгджээ.

Оросын Зэвсэгт хүчин Буд пуужингаар Киевийн “Артем” пуужингийн үйлдвэрт цохилт өгчээ. Украины цэргүүд Оросын пуужингуудын эсрэг зенит пуужингийн “С-300” болон "Бук М1" системийг ашигласан байна. Энэ үеэр “С-300” системээс харвасан хоёр пуужингаа украинчууд өөрсдөө “Бук” системээр унагасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404