МОНГОЛ ХҮҮХДҮҮД САНСРЫН НИСГЭГЧДЭЭС СОНИРХСОН АСУУЛТАА АСУУВ
2022/06/22

Домогт сансрын нисгэгчид болох Владимир Джанибеков, Виктор Савиных, Ж. Гүррагчаа нар Улаанбаатар дахь Русский домд ирж хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Сансрын нисгэгчдээс асуу” уралдааныг санаачлан явуулж шилдэгээр шалгарсан сурагчдыг сансрын нисгэгчидтэй уулзуулан “Бидний сансар- Сансрын нисгэгчдээс асуух 100 асуулт” нэвтрүүлгийн бичлэгийг хийлээ. 

Энэхүү төслийг Улаанбаатар хот дахь Русский дом, UBS телевиз хамтран Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд ерөнхий боловсролын 71, 84, 23, 102, 58, 72 –р сургууль (В.Джанибековын нэрэмжит), ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харьяа сургууль, Плехановын нэрэмжит сургууль гээд нийт 60 гаруй сурагчид асуултаа асууж зочидтой ярилцлага хийв.

Сансрын нисгэгчид: “Хүүхдийн асуултад хариулах нь томчуудтай ярилцахаас үргэлж хэцүү байдаг. Хүүхдүүд тааварлашгүй байдаг ч бид аль болох үнэнчээр хариулахыг хичээнэ" гэсэн юм. Хүүхдүүд сансрын нисгэгчдээс эх дэлхийдээ эргэн ирэхэд хүндрэлтэй байсан уу, сансарт хог хаягдал их байдаг уу, сансрын уудмаас аль улс хамгийн үзэсгэлэнтэй харагддаг талаар асуув.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа: "Мэдээж – Монгол улс! Ер нь сансрын нисгэгч бүр эх орноо харахыг хичээдэг, өөрийн эх нутгаа хамгийн сайхан нь гэж хардаг" хэмээн хариулав.

Зураг авалтын явцад  сансрын нисгэгч бүрт нэг эд зүйл өгч үүнтэй холбоотой түүхээ ярьж өгөхийг нэвтрүүлгийн багийнхан хүслээ. Нэвтрүүлгийн зочин В.Жанибековт яагаад уран зургийн самбар, В.Савиныхт яагаад төмөр замчны том түлхүүр, Ж.Гүррагчаа баатарт 10 төгрөг өгснийг тун удахгүй UBS болон Өлзий телевизээр хүлээн авч үзээрэй.  

В.Джанибековын тухай: 

Владимир Джанибеков – ЗХУ-ын нисгэгч, сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, нисэх хүчний хошууч генерал. Түүний сансарт хийсэн нислэгийн нийт хугацаа нь 145 хоног 15 цаг 58 минут 35 секунд. Сансарт 2 удаа гарсан нийт хугацаа нь 8 цаг 34 минут. Тэрээр ЗХУ-ын хамгийн туршлагатай сансрын нисгэгч бөгөөд хөлөг онгоцны командлагчаар хамгийн олон буюу таван удаа ниссэн. Энэ бол дэлхийн дээд амжилт юм.

В.Савиных тухай 

Виктор Савиных - сансрын нисгэгч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар. Тэрээр 38 настайдаа сансрын нисгэгч болсон. "Салют-6", "Салют-7", "Мир" тойрог замын станцууд дээр гурван удаа сансрын нислэгт оролцсон. Түүний сансрын нисгэгчийн нийт нислэгийн хугацаа 252 хоног 17 цаг 37 минут 50 секунд. Түүнийг ихэвчлэн сөнөсөн станцын баатар гэж нэрлэдэг. Виктор Савиных бол ЗХУ-ын 50 дахь, дэлхийн 100 дахь сансрын нисгэгч юм.

Ж.Гүррагчаа тухай

Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Союз-39" сансрын хөлөг болон "Салют-6", "Союз Т-4", "Союз-39" тойрог замын станцуудын сансрын нисгэгч-судлаач; БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч. БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч. Өнөр өтгөн Монгол малчин айлын хүү. 1977 онд Жуковскийн нэрэмжит  Агаарын цэргийн инженерийн академийг 1978 онд тэрээр Интеркосмос хөтөлбөрийн дагуу олон улсын нислэг хийхээр сансрын нисгэгчдийн багт элссэн. 1981 оны 3-р сарын 22-нд экипажийн дарга В.Жанибековын хамт сансарт ниссэн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404