Украины арми Францаас илгээсэн их буугаар анх удаа Оросын байрлал руу гал нээжээ
2022/06/16

Украины арми өчигдөр Франц улсаас илгээсэн их буугаар анх удаа Оросын цэргийн байрлалд цохилт өгсөн байна.

55 дугаар их бууны ангийн цэргүүд Caesar өөрөө явагч их буугаар Донбассын фронтын нууц байрлалаас Оросын байрлал руу гурван удаа гал нээжээ.40 км хүртэл алсаас цохилт өгөх чадвартай уг зэвсгээр ямар бай руу буудсаныг бас нууцалж байна.Өндөр нарийвчлалтай гэгддэг Caesar их буу нь Өрнөдийн орнуудаас Украинд тусламжаар илгээж буй орчин үеийн хүнд зэвсэг техникийн нэг хэсэг юм.Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ийм зэвсэг хэд хэдийг Украинд илгээх болсноо дөрөвдүгээр сард зарлаж байжээ.

Францын төрийн өмчит Nexter зэвсэг үйлдвэрлэгч зургаан дугуйтай ачааны машины суурин дээр суулгасан 155 мм-ийн Caeser их бууг үйлдвэрлэсэн юм.Украины цэргүүдийг сургасан Францын мэргэжилтэн “Энэ систем бол маш сайн маневрлах чадвартай, хөдөлгөөнт зэвсэг. Орчин үеийн дайнд энэ бол чухал хүчин зүйл юм. Манай хуучин системүүд хөдөлгөөнгүй нэг байрлалд бэхлэгддэг бол энэ систем хөдөлгөөнтэйгөөрөө давуу талтай” гэж ярьжээ.

Алсын зайнаас бууддаг тул дайсан хариу цохилт өгөх боломжгүйг тэр бас онцолсон байна.АНУ-аас илгээсэн үүнтэй ижил төстэй M777 систем гэхэд заавал машинд чирүүлдэг юм байна.Украины цэргүүд Caesar системийг нэг долоо хоногийн дотор эзэмшсэн гэнэ.Лхагва гарагт бас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярилцсаныхаа дараа

$1 тэрбумын зэвсгийн тусламж нэмж илгээх болсноо мэдэгджээ.Уг багцад тэнгисийн хөлөгт цохилт өгөх пуужингийн систем Harpoon хоёр ширхэг, алсын тусгалын их буу 18 ширхэг, түүний 36,000 ширхэг сум, пуужингийн их бууны систем, нууц радио холбоо, шөнийн дуран зэрэг зэр зэвсэг, тоног төхөөрөмжүүд багтсан байна.Үүнээс гадна $225 саяын хүмүүнлэгийн тусламжийг Украинд илгээх болсноо Байден зарлажээ.НҮБ дах ОХУ-ын элчин сайд Василий Небензя өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Оростой төлөөллөөрөө дамжуулан дайтаж буй” Өрнөдийн орнуудыг шүүмжилсэн байна.

“Украинд зэвсэг нийлүүлснээрээ гараа энгийн иргэдийн цусанд дүрж байгааг би Өрнөдийн орнуудад сануулмаар байна” гэж тэр хэлжээ.Донбассын фронтод Оросын зэвсэгт хүчин их буугаар давамгайлж, Украины талд асар их хохирол учруулж буйг мэдээлж байгаа.Тиймээс их буу нэмж илгээхийг Киевийн эрх баригчид холбоотнуудаасаа шаардсаар байна.Өчигдөр Брюссель хотноо НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт эхэлсэн юм. Энэ уулзалтаар холбоотнууд Украинд нэмж илгээх зэвсгийн тусламжийг хэлэлцэж байна.Өчигдөр өглөө Оросын тал Северодонецк хотод эсэргүүцэн тулалдаж буй Украины цэргүүдэд бууж өгөх шаардлага хүргүүлжээ.

Гэвч Украины цэргүүд шаардлагыг хүлээж авахаас татгалзсан байна.

 

Эх сурвалж: AFP, Reuters

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404