Петербургийн чуулга уулзалтад 40 гаруй улс албан ёсны төлөөлөгчдөө илгээнэ
2022/06/16
Энэ жил дэлхий 40 гаруй улс Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад албан ёсны төлөөлөгчдөө илгээнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ. "Объектив шалтгааны улмаас Санкт-Петербургт хүрэлцэн ирэх хэцүү байгаа хэдий ч нэлээд олон тооны зочид, төлөөлөгчид ирэх төлөвтэй байна. Дэлхийн 40 гаруй орноос өндөр албан тушаалын төлөөлөгчид, засгийн газрын албан ёсны төлөөлөгчид ирнэ гэж бид хүлээж байна" гэж Ушаков хэлсэн байна.  
Тэрбээр нэмж хэлэхдээ, "Армени, Казахстаны төлөөлөгчдийг эдгээр улсын Ерөнхийлөгч нар тэргүүлнэ, чуулга уулзалтад мөн "дэд ерөнхийлөгч, шадар сайд, сайд, мужийн захирагч, Сенатын гишүүд тэргүүтэй олон тооны төлөөлөгч" оролцоно" гэв.  
Санкт-Петербургт мөн Байгалийн хий экспортлогч орнуудын форум (GECF), Дэлхийн нүүрсний ассоциаци, Төв Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн комисс, Евразийн хөгжлийн банк зэрэг олон улсын тэргүүлэх байгууллага, нийгэмлэгүүдийн удирдлагууд хүрэлцэн ирнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах хэлжээ. Урьдчилсан мэдээллээр ОХУ-аас 1244 компани, гадаадын 265 компани чуулга уулзалтад оролцоно гэдгээ баталсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна.  Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалт 2022 оны зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд болно.
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404