Афганистан ойн түймэр унтраахад туслахыг Хятадын засгийн газраас хүсжээ
2022/06/06

Афганистаны зүүн хязгаарын Нуристан мужид сүүлийн 12 хоногийн турш шатаж байгаа ойн түймрийг унтраахад туслахыг Талибаны засгийн газар Хятад улсаас хүсжээ.

Талибаны засгийн газрын гадаад хэргийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Шэр Мохаммад Аббас Станикзай өнгөрсөн Пүрэв гарагт Кабул хотод Хятадын элчин сайд Дин Инантай уулзахдаа уг хүсэлтийг дамжуулсан байна.Дин Инань хүсэлтийг хүлээн авч, өөрийн боломжийн хэмжээнд тусламж үзүүлэхээ амласныг Ням гарагт элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.Нуристан нь Афганистаны хамгийн ядуу мужуудын нэг бөгөөд нарс модон ойгоороо алдартай.

Бүс нутгийг ядуурлаас гаргахын тулд Афганий эрх баригчид нарсны самрыг Хятад руу экспортлох арга замыг хайж байгаа.Гал унтраах багаж хэрэгсэлгүй тул түймэртэй тэмцэх ажил үр дүнд хүрэхгүй байгааг Афганистаны гамшигтай тэмцэх яамны сайд Муллах Жанан Сайк саяхан дотоодын хэвлэлд ярьж байжээ.Хятадын засгийн газар 2001 онд байгуулагдсан Олон Улсын Аврах багийг Афганистанд илгээж магадгүй байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Уг багийг хилийн чанадад гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд туслуулах зорилгоор байгуулж байжээ.Афганистанд дэглэмээ тогтоосон Талибанчууд өмнө нь эдийн засгийн хямралаас гарахад хөрөнгө оруулалт, зээл, худалдааны хамтын ажиллагаагаар туслахыг Бээжингийн эрх баригчдаас хүсэж байсан юм.

Гэвч Хятадын тал Афганистаны хямралд гүнзгий оролцохоос болгоомжилж байгаа.“Хятад улс хүндрэлээс яаж гарахыг нь заахаасаа илүү зөвлөх үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа. Афганистанд Орос, АНУ-ын үзсэн зүйл Бээжинд сургамж болж байна” гэж Бээжин хотын Юань Ван цэргийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Жоу Чэнминь ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404