Байденыг баллистик пуужингуудаар үдэв
2022/05/26

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Азийн холбоотон хоёр оронд хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж, нутаг буцах үед түүнийг Хойд Солонгосоос тэнгис рүү тив алгасах нэг, богино зайн тусгалын хоёр пуужин хөөргөж үдэв. Хятад, Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг холбоотны харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Жо Байден өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгост, энэ долоо хоногийн эхээр Япон улсад айлчилсан юм.

Хойд Солонгосоос дотооддоо цар тахлын халдвар бүртгэгдсэн энэ үед ийнхүү хоёр ч пуужин туршсан нь анхаарал татаж байна. Пёньян өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард хамгийн хол туссан пуужинг хөөргөж туршсан.

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурлын дараа тус улсын засгийн газраас мэдээлэл хийж, Пёньянаас тив алгасах нэг, богино зайн тусгалын хоёр, нийт гурван пуужин харвасныг мэдэгджээ.

Вашингтон, Сөүлийн жанжин штабын хамтарсан мэдээллээр, Хойд Солонгосын төвийн мужаас хөөргөсөн тив алгасах пуужин 540 км өндөрт хөөрч, 360 км зай туулан зүүн тэнгист унасан аж. Эхний пуужингийн араас хоёр дахь пуужинг харвасан ч 20 км яваад унаж бүтэлгүйтсэн байна. Улмаар гурав дахь пуужинг харвахад 760 км зайд тусчээ.

Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши "Хойд Солонгос пуужин харвасан нь өдөөн хатгасан, зөвшөөрөх аргагүй үйлдэл" гэж буруутгасан байна.

Хойд Солонгос энэ он гарснаас хойш нийт 17 удаа пуужин харважээ. Түүнчлэн удахгүй тав дахь удаагийн цөмийн туршилтаа хийхээр төлөвлөсөн гэж АНУ, Өмнөд Солонгосын талаас мэдээлэв.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404