МЭНДЧИЛГЭЭ
2022/05/08
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 97 жилийн ойтойгоо золгож байна.
 
Их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар Хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж 1 дүгээр бүлгийг В.И.Лениний, 2 дугаар бүлгийг К.Марксын нэрээр нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дээр байгуулагдсан түүхтэй.
 
Хүүхэд багачуудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан хүүхдийн байгууллага нь анх байгуулагдсанаасаа эхлэн хүүхэд бүрийг эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөөх үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж сургуулийн зүг татах ажлыг гол зорилгоо болгож байсан бол өдгөө хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил хамгааллын асуудлыг хариуцан төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажилладаг хүн амын хөгжлийн томоохон салбар болтлоо өргөжин тэлсэн юм.
 
Ингээд Монголын пионерын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад пионерууд, хүндэт удирдлагууд, өдгөө бүхнийг хүүхдийн төлөө уриа дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа нийт төрийн байгууллагын ажилтнууд, хүүхдийн тодотголтой бүхий л байгууллагын нийт хамтран зүтгэгч, эрхэм хүндэт хүүхэд багачууд та бүхэндээ Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн мэнд дэвшүүлье.
 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө. Ган-Өлзий
ХЭЗЭЭД БЭЛХЭН
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404