Ахлах ангийн сурагчид цэргийнхний нэг өдөртэй танилцлаа
2022/03/02

Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид цэргүүдийн нэг өдөртэй танилцжээ.

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан хүүхдүүдэд цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, цэрэг дайчдын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ өдөр сурагчид Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцан, дайчин алдрын танхим, сургалтын дадлагын хотхоноор зочилж, хугацаат албаны дайчидтай яриа өрнүүллээ.

Бэлтгэл хурандаа Б.Нямхүү сурагчдад “Эх оронч үзэл, хүмүүжил” сэдвээр илтгэл тавьж, цэргийн алба хаагч, сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг нэгтгэлийн бүрэлдэхүүнд толилуулсан юм. Мөн сурагчид хугацаат цэргийн алба хаагчидтай хамт 3000 метрийн гүйлтийн уралдаанд оролцов.

Үргэлжлүүлэн цэрэг, эх орны сэдэвт шүлгийн уралдаан болж, “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 11а ангийн сурагч С.Мягмарсүрэн тэргүүлж, V дунд сургуулийн 11б ангийн сурагч Б.Цолмон, “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 10б ангийн сурагч Б.Цэнгүүнбаяр нар удаах байруудад шалгарав.

Сурагчид “Эх оронч үзэл, итгэл үнэмшилтэй, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёлоороо бахархах төлөвшилтэй байх нь манай улсын маш том дархлаа юм. Дарга, цэрэггүй, хөгшин залуугүй энэ дархлаагаа мэддэг байх ёстой. Өнөөдрийн арга хэмжээ цэргийн ах, эгч нарынхаа ажил үйлсээр бахархах, тэднийг хүндэтгэн хайрлах сэтгэгдлийг бидэнд үлдээлээ. Ялангуяа монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлж чадлаа” гэж ярьжээ.


Эх сурвалж: ЗХЖШ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404