Үндсэн хуулийн тухай эсээ бичлэгийн уралдаанд 280 сурагч оролцов
2022/02/12

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан.

Уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 280 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдааны

  • Тэргүүн байрт Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр
  • Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б. Мөнхзул
  • Гуравдугаар байрт Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ж.Жаргалан
  • Тусгай байрт
    • Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг,
    • Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг нар шалгарсчээ.

“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр: Орчин үеийн залуус, манай үеийнхэн Үндсэн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл багатай. Тиймээс яаж энгийн бөгөөд хүн бүрд хамааралтайгаар хүргэх вэ гэж бодож эсээгээ бичсэн. Үндсэн хуулийн тухай нийгмийн хичээлийг түлхүү заагаасай гэж хүсэж байна.

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Мөнхзул: Үндсэн хуулийн тухай ойлголт тухайн улсын иргэн бүрд, тэр дундаа хүүхэд бүрд байх ёстой. Гэтэл манай үеийнхэн төдийлөн чухалчилж үздэггүй. Тиймээс Үндсэн хууль ямар чухал болохыг, хүмүүст ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулахыг зорьсон. Нийгмийн хичээл дээр Үндсэн хуулийн тухай цухас дурдаад өнгөрдөг. Цаашид хүүхдүүдэд Үндсэн хуулийн талаарх ойлголтыг дэлгэрэнгүй өгөх нь илүү өгөөжтэй санагдсан.

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг: Манай үеийнхний дунд Үндсэн хуулийн талаарх ойлголт төдийлөн өргөн дэлгэр байдаггүй. Тиймээс би анхдугаар Үндсэн хуулийг хэзээ хэрхэн баталсан хийгээд дараа дараагийн Үндсэн хуулийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан. Үндсэн хуулийн талаарх мэдээллийг нийгмийн болон сонгоны хичээлээр зааж, багш нар илүү сонирхолтой мэдээлэл өгдөг байгаасай гэж бодож байна.

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг: Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг гэдэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн болгоны язгуур эрх ашиг хангагдаж, хамгаалагдаж  байдаг учир хүн бүр энэхүү хуулийг мэдэж байх ёстой. Залуус, хүүхдүүд Үндсэн хуулийн талаарх тодорхой мэдлэг, мэдээлэлтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404