Авлигатай тэмцэх газрын урилгаар ажлын айлчлал хийж буй Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, хоёр байгууллагын нийгмийг эрүүлжүүлэх чиглэлийн хамтын ажиллагаа цаашид харилцан үр өгөөжтэй, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Камран Алиев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны харилцаа баялаг түүхтэй. Түүх, соёлын арвин баялаг уламжлалтай танай оронд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна гэлээ. Тэрбээр Монгол Улсад байх хугацаандаа АТГ болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд энэхүү айлчлал зөвхөн хоёр байгууллагын хооронд биш, хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ.