Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг өнөөдөр /2022-6-13/ хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд энэ хүрээнд цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёоны тайлбар толь бичгийг монгол, англи хэлээр хэвлэн гаргах, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй танилцах, мэдээлэл, туршлага солилцох ажлыг хамтран зохион байгуулах, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг орчуулж, нэгтгэн хэвлүүлэх зэргээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1995 оноос эхлэн тус сантай төсөл хэрэгжүүлж эхэлснээр хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагаа тогтмол, байнгын шинжтэй болж хөгжиж ирсэн билээ.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц