Украинд Оросын армийн эсрэг байлдаж байсан Өмнөд Солонгосын тусгай хүчний ахмад асан И Гун энэ сарын 27-нд эх орондоо харьсан талаар бид мэдээлсэн. Түүнийг Инчёны нисэх буудалд газардангуут Цагдаагийн газраас түүний хил гарах, гадаад явах эрхийг хасан, мөрдөн шалгах ажиллагаагаа эхэлснээ мэдэгдсэн.
И Гун энэ оны гуравдугаар сард хууль бусаар хил даван Украинд очиж, гадаад цэргийн отрядын бүрэлдхүүнд элсэн, байлдааны үйл ажиллагаанд оролцсон. Сүүлийн тулаандаа шархдаж, Украины цэргийн эмнэлэгт эмчлүүлээд нөхөн сэргэлтийн эмчилгээ хийлгэхээр эх орондоо харьж байгааг төлөөлөгч нь мэдэгдэж байв. БНСУ-ын Цагдаагийн газраас түүнд хил хууль бусаар давсан, Украинд очихыг хориглосон Засгийн газрын дүрэм журмыг зөрчсөн хэргээр 10 сая воны торгууль, 1 жил хүртэл хорих ял төлөвлөөд байгаа билээ. Гэхдээ шархаа эмчлүүлж дууссаных нь дараа мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх гэнэ.
И Гун ахмадын менежер нь сэтгүүлчдэд “Ахмад хүнд шархдаагүй ч мэс засал хийлгэх ёстой, нөхөн сэргэлтэд хэдэн сарын хугацаа шаардлагатай болсон тул БНСУ-д харьсан. Эмчилгээгээ дуусаад Украинд буцах бодолтой байгаа. Тэрээр тавдугаар сарын 14-нд шархдаж, шөрөмс нь тасарсан” гэж мэдээллээ.
Харин И Гун “Би байлдах гэж биш хүмүүсийг аврах гэж Украинд очсон. Дайны үеэр маш олон гэмт хэрэг харлаа. Украины иргэншил авах боломж байсан ч би хүсээгүй. Цагдаагийн газрын мөрдлөгөд хамтран ажиллаж, Өмнөд Солонгост шийтгэлээ хүлээнэ. Гэхдээ би гэмт хэрэгтэн биш” гэж мэдэгджээ