С.Эрдэнийн "Тамга"-тай, М.Энхболдын "Им"-тэй нөхөр
2022/05/10

АН-ын тамга, тэмдэг дундаа төөрөлдөж, энэ намыг тарж бутрахад С.Эрдэнийн туслах дүрд чадварлаг тоглосон хүнээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг нэрлэдэг. МАН, АН-гүй л ийн тодорхойлдог. Уг нь парламентад байх цөөн эмчийн нэг хэдий ч тэр бусдыг анагаах гэж явсангүй. Гагцхүү албан тушаалын нүх сүв таарвал эвтэйхэн шургачихдаг, байгуулсан гавьяа ч байхгүй нэг ийм нөхөр өдгөө парламентад ажиллаж байна. Түүнд нүх сүвээр шургаж явснаас улсад ажиллаж байсан намтар гээд байх зүйл байхгүй.

Мэдээж хэрэг, улс төр горилж ирсэн цагаасаа хойш энд тэнд төрийн албыг албан болон албан бусаар сэглэж ирсэн намтар бол бий. Тухайлбал, 2008-2012 он хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласан гэдэг. Тодотговол, Ерөнхий сайд асан С.Баярын тодорхойлсон “Стандарт бус Засгийн газар”-ын үед, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж асан С.Ламбаагийн албан бус зөвлөх байсан бололтой.

Эндээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар түр зуур ажиллаад С.Эрдэнийн тэргүүлж байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга, улмаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар дэвшин ажиллаж байтал АН сонгуульд ялагдснаар түүний төрд алба хашсан намтарт цэг хатгасан. Төрийн албаны хувьд ийм л нимгэн намтартай хүн. Эндээс харахад их улс төрд С.Эрдэнийн дэмжлэгийг хүртэж байсан учраас түүнтэй хамтран намаа самарсан байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүй ч юу байхав. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын дарга болоход тэр Ерөнхий нарийн бичгийн даргаар, дараа нь Дэд даргаар орж ирсэн нь ч бататгаад өгөх болов уу.

Ц.Тувааны сөнөж буй АН хэмээх хөлөг онгоцон дээр гарч ирсэн богино хугацаа бол ололт амжилтын жилүүд байжээ гэдгийг намтраас харж болно. Намын генсек, Дэд даргын болон Намын даргын үүрэг гүйцэтгэгч гээд намын талаасаа богино хугацаанд ирээдүйгүй ч гэсэн хүчээ авсан. Даанч хөлгийнхөө капитан С.Эрдэнэтэй нийлээд онгоцоо живүүлчихсэн. Өөрөө капитантайгаа завь хөлөглөн, эрэг дээр гарч ирсэн ч усан цэргүүдээ далайд орхисон. С.Эрдэнэ тэр хоёрын хаяад амь зулбасан цэргүүдийг Х.Баттулга гэх капитантай хөлгийнхөн өөртөө ашиглахаар аварсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Э.Бат-Үүл тэргүүтэй нөхөд усанд ч хөлөө дүрэлгүй, эрэг дээрээс худлаа хашхирахаас өөр гойд зүйл байсангүй.

Нам, улс төрийн талаасаа тэр ийм л бараан намтрыг богино хугацаанд бүтээсэн гэхэд болно. Би хэлээгүй, АН-ынхан өдөр бүр шахам ийм мэдээлэл хийдэг биз дээ. Одоо чухам ямар бараан намтар бүтээхээр парламентад сууж байгааг мэдэх юм алга. Нэг намын хувьд бол хангалттай ажиллагаа явуулж, бараан намтар бүтээсэн. Харин бүхэл бүтэн улсын хувьд арай ч чадахгүй биз хэмээн найдаж сууна. Ядахад 76 нөхөр хараад сууж байгаа юм даа. Аав, ээж ахан дүүс, гэр бүлдээ бол гэгээн сайхан намтар бүтээж өгсөн хүн гэдгийг нь хөрөг ярилцлагаас нь сонсож байсан. Бас чиг хурдан морь сонирхоно. Нэгэн цагт хүлэг морио Айцын даваагаар өнгөлж явааг сонсон, Яармагийн дэнжид сэтгэл догдлон суусан Төв аймгийн ахмад уяачид түүний тухай гэгээн сайхан дурдаж байхыг сонсож байв. Одоо цагт Хүй мандлын дэнжээс Төв цэнгэлдэх рүү хурдан хүлгээ цоллуулахаар явж буй уяачид ч магтаж байгааг сонссон. Өөрөө ч аймгийн Алдарт уяач цолтой гэхээр моринд хайртай л нэгэн сайхан монгол эр байх гэж боддог.

Нөгөө талаар УИХ-ын дарга асан, Манлай уяач М.Энхболдтой хамт Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны удирдах бүрэлдэхүүнд гар сэтгэл нийлэн ажилладаг аж. М.Энхболд ерөнхийлөгчөөр, тэр дэд ерөнхийлөгчөөр ажилладаг гэсэн үг. Нутаг усны эрчүүд нам харгалзахгүй морин спортынхоо төлөө зүтгэдэг юм болов уу гэсэн гэрэл гэгээ бий. Магадгүй улс төрд горилогч нөхрийн парламентад орж ирсэн шалтгаан нь хийморьтой эрсийн уухай, хурдан адууны салхи ч байж мэдэх юм. Түүнээс бус улсдаа бүү хэл Төв аймагт байгуулсан гавьяа гэж би лав дуулаагүй. Нөгөө утгаараа “МАНАН” бүлэглэл энэ тэр гээд холбогддог байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч АН-ынхан “С.Эрдэнэ АН-ыг ялагдуулах гэж МАН-д дагаар оруулсан. Одоо ч АН-ын тамга, тэмдгийг МАН-ын оролцоотой будилуулж, тэдний захиалгыг биелүүлж байгаа” гэж үздэг.

Тэгэхээр нутаг, хурдан мориор М.Энхболдтой, нам, улс төрөөр С.Эрдэнэтэй холбогдох энэ шинэхэн улстөрч өнөөх манан будангийн нэг өчүүхэн сарниа ч байж болох. Саяхан л “Гудамжны” хэмээх УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “МАНАН дэглэм амь бөхтэй оршиж байна, үргэлжлүүлэн тэмцэнэ” гэж мэдэгдэл хийж байгаагаас харахад ч “МАНАН” зүгт холбон тайлбарлахад болохгүй зүйл алга. 

Түүний хөрөнгө орлогыг тоймлоод ч болов харах боломжгүй байсан бол 2020 онд УИХ-д нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн цагаас хойш хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх болсон. Тэрбээр 2021 онд жилийн орлого 80 сая 459 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 20 сая 643 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн 634 сая 900 мянган төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай, 80 сая төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser-200” маркын автомашинтай аж. Харин нэг тэрбум 151 сая төгрөг бүхий мал аж ахуйтай гэсний ихэнх нь хурдан удмын адуу л болов уу. Мөн өөрийнх нь үүсгэн байгуулж, бизнес эрхэлж байсан “Голден-Ийгл” компанийн 50 хувийг эзэмшдэг, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 39 сая 621 мянган төгрөгийн хадгаламжтай, өр ширгүй эр гэдгээ мэдүүлжээ.

Хөлөггүй болсон АН-ынхан муу нүхний тарвага шиг гүйлдэж байхад УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон Д.Ганбат Х.Баттулгын заавар зөвлөгөөгөөр түүнийг намаас хөөсөн шийдвэр танилцуулсан гэдэг. Ц.Туваан одоо ч хөөгдсөөр байгаа хүн л дээ. Харин тэрбээр Бүлгийн даргынхаа гаргасан шийдвэрт тайлбар хийхдээ “Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй. Тэдний бүртгэлд байхгүй. Байхгүй хүнийг татаж авчраад хөөлөө гээд байх юм. Би энэ шийдвэрийг гурав, дөрөв дэх удаагаа сонсож байна. Байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна” гэжээ. Үүнээс харахад тэр өөрөө намаа хэдэн хэсэг тасдан хаяхад оролцсон гэдгээ бараг батлан хүлээж байх шиг. Ямартай ч “Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй шүү” гэснээс харахад “АН-ыг би хоёр хуваасан” гэж хэлж байгаатай агаар нэгэн сонсогдоно.

АН дундаа муудалцаж, эсвэл зүдэрсэн үедээ “ардчилал” нэрээр түрий барьж гуравдагч этгээдэд ханддаг эртний зуршилтай. Гуравдагчид нь дотоодын нийгэм, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлүүлэх замаар ч юм уу, лебариалист үзэлдээ хаа хамаагүй хайртайдаа ч тэр үү, бага сага “юм” залгуулдаг байсан болов уу. Ийн бичиж ярих нь эртний зүйл дээ. Харин үүнийг Ц.Туваан ч тойрч гарсангүй, дайрч давтсан бололтой. Үүнийг би хэлээгүй. Урьд өмнө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болон Гадаад харилцааны сайдын алба хашиж явсан, УИХ-д гурвантаа сонгогдоод байгаа Ц.Мөнх-Оргил хэлсэнд ихээхэн учир байгаа юм.

Ийн хэлэхдээ “АНУ-ын "DCI" гэдэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг лобби компанитай АН-ын дарга гэх Ц.Тувааны гарын үсэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр буюу дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэлх хугацаатай гэрээ байгуулсан. Энэ ямар учиртай юм бэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д Гадаадын байгууллага, олон улсын байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авахыг хориглосон. Гэтэл ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу” хэмээн асууж байв. Яг энэ үед урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх эсэх Цэцийн шийдвэрийг хэлэлцэж байсан юм.

Уг нь тэр анхнаасаа С.Эрдэнийг бус О.Цогтгэрэл нарын нөхдөө дагах байсан. Гэхдээ улс төрд түшиж тулсан ах нарын сэтгэлийг яах ч аргагүй байсан байх. Үнэхээр улс төр сонирхож, тууштай явъя гэж бодсон бол нам, улс төрийн хүрээнд өөрийнхөөрөө бууриа засах учиртай байсан юм. Ц.Тувааных нэртэй айлд ортол хоймор нь С.Эрдэнэ суугаад байхаар яаж улс төрд явах юм.

Одоо адуугаар зүйрлэж яривал УИХ-ын гишүүн Ц.Туваан нь С.Эрдэнийн гэх тодоос тод баалсан тамгатай, М.Энхболдын гэх уртаас урт цуулчихсан ганзага имтэй нэг “тэжээлийн адуу” л харагдана. Эрхэм хоёр нөхөр Ц.Тувааныг булаалдаагүй ч С.Эрдэнэ гуя хасанд нь тамга баалуулан дарж, М.Энхболд чихэнд нь им тавих нэрээр цуулчихсан адуу юм уу, хаашаа юм. Тэгэхээр О.Цогтгэрэл нь ч байна уу, өөр бусад залуус нь ч байна уу, итгэл хүлээлгэн “сүрэг”-тээ нийлүүлэхгүй. Өөрөөр хэлбэл ах нарынхаа улс төртэй хамт дуусах ирээдүй тосон угтах болов уу.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404