Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг АТГ-аас баривчлан, шалгаж байна. Түүнийг өчигдөр ажил дээрээ байхад нь саатуулсан бөгөөд эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй хэргээр хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Түүнийг 48 цаг баривчлаад, үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай гэж үзвэл прокуророос шүүхэд хүсэлт хүргүүлж шийдүүлэх юм. Тэрбээр Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлэгт очоод байсан юм.
Түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг үзвэл өнгөрсөн 2020 онд түүний өөрийн орлого өмнөх оныхоосоо буурчээ. Тодруулбал, 2019 онд 148 сая байсан бол 2020 онд 57 сая болжээ. Харин гэр бүлийн орлого нь 2019 онд 72 сая байснаа 2020 онд 80 сая болж өсчээ.
298 саяар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. 78 саяар үнэлэх жийп болон туулах чадвар өндөр Toyota, Highlander- Toyota, Camry машинтай. Малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй, авлагагүй, зээлгүй, 20 саяын хадгаламжтай.