Солонгосыг ойлгох нэг алхам
2018/06/13

Азийн олон орнуудаас Солонгос бас л сонирхол татмаар улс. Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн энэ улс нь эртний иргэншилт орон юм. Хүн амынх нь бараг тал хувь нь шүтлэггүй, 4-ний нэг хувь нь христ болон буддын шашинтай, үлдсэн хувь нь бусад шашинтай (46% шашингүй, 29% христ, 23% будда, 2% бусад) гэж тодорхойлогддог энэ улсад ах захаа дээдлэн хүндлэж, эрэмбэ зиндаагаа ягштал баримтална.

Эртнээс уламжилж ирсэн хэл соёлынх нь онцлогийг мэдэхгүй хүнд бол хэнтэй хэрхэн харилцахад хүртэл эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Тухайлбал, гар барин мэндчилэх ёс нь хүртэл нарийн дүрэм журамтай. Өөрөөсөө ахмад болон албан тушаал дээгүүр хүнтэй гар барихдаа заавал хоёр гараараа барьж мэндлэх ёстой. Заримдаа хэтэрхий их дүрэм журам ёслол хүндлэл нь хөл бөмбөгийнх нь Үндэсний шигшээ багт муугаар нөлөөлж байсан гэдэг хөгжилтэй дурсамж байдаг.

 

Дэлхийн хэмжээнд амжилт гаргаж чадахгүй байсан хөл бөмбөгийн багийн асуудал нь юу байв гэхээр, тэд нэг нэгэндээ хэтэрхий хүндэтгэлтэй харилцдаг тул эн тэнцүү тоглож чадахгүй байсан аж. Ялагдлын нууцыг олсны дараа дасгалжуулагч нь ширүүн өрсөлдөгчидтэйгээ ана мана үзэлцэхийн тулд хоорондоо эхлээд эн тэнцүү харилцаж сурахыг заажээ. Гайхалтай нь энэ арга үр дүнгээ өгсөн бөгөөд Солонгосын баг дэлхийн аваргад амжилт үзүүлсэн түүхтэй.

Солонгосчуудын хувьд хэл соёлоос нь гадна хэдийнээс баримталж ирсэн  үнэ цэнэ нь юунд оршдог юм бол гэсэн сониучхан бодол эрхгүй төрлөө. Түүхийнхээ хувьд тэд тийм ч дардан зам туулаагүй энэ улс хүйтэн дайны уршгаар Хойд ба Өмнөд Солонгос хэмээн хоёр улсад хуваагдсан байдаг.

Дайны дараа маш ядуу, өвчин зовлонд нэрвэгдэж байсан Өмнөд Солонгос улс харин хэдхэн жилийн дараа эдийн засгийнхаа хувьд сэргэн үсрэнгүй хөгжсөн юм. Эдүгээ Азийн орчин үеийн хот болсон Сөүл уламжлал болон орчин үеийн амьдралын хэв маягийг хослуулан оршино. Хүн амынх нь бараг дийлэнхи хувь нь (97%) Солонгосчууд бөгөөд Сөүл хотод хамгийн их хүн амьдрах ажээ.

Эртнээс уламжилж ирсэн Буддын шашны дуган хийдүүд амарлингуй гүн төрхөө хадгалан хотын төвд нь тааралдана. Солонгост Буддын шашин маш эртнээс дэлгэрсэн (372он) бөгөөд тухайлбал, Солонгосын түүхийн 3 хаант улсын үед Буддын шашин Хятадаар дамжин Солонгост нэвтэрсэн гэдэг. Харин Чусонь улсын үед  Күнзийн суртал маш хүчтэй дэлгэрчээ. Күнзийг бурхан лугаа адил шүтэж сургаал номлолыг нь дагасаар ирсэн байна.

Харин Христийн шашин Солонгосын дайны дараа буюу 1970-аад оноос хүчтэй дэлгэрсэн байна. Христийн шашны Протестант, Католик урсгал зонхилохоос гадна үзэл бодлын ялгаатай янз бүрийн урсгалууд ч мөн дэлгэрчээ. Христийн шашны сүм дуган хийдүүд энэ хотод бас нэлээдгүй тааралдана. Христийн шашинтай Солонгосчуудын хувьд бүтэн сайн өдөр бүхэн сүмдээ очиж, мөргөл үйлддэг зан үйл болон хэвшжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404