Тэрбум төгрөгийн авлига авсан МХЕГ-ын экс дарга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2019/05/08

Өнгөрөгч 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон МХЕГ-ын дарга нар холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болсон байна. Тэднийг Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан.Гэвч авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноосон гэдгийг холбогдох албаныхан мэдэгдээд байгаа юм.

Харин өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс олон нийтийн анхаарлын төвд байсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 05-нд болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан удаатай. Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болсон бөгөөд тэд хүсэлт гаргасан учраас өмнөх хурал хойшилсон байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404