Нийслэл дэх зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар иргэд, ААН-үүдээс санал авч эхэлжээ. Энэ талаар Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд болон дүүргийн иргэдээс ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал авах тухай албан тоотыг дүүргийн удирдлагуудад хүргүүлсэн. Дүүргүүдээс ирсэн саналыг нэгтгэн зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн батлах юм.
Дүүргүүд албан ёсны цахим хуудас, групп хаягуудаар санал иргэдээс авч байгаа.
Санал асуулгын агуулгад зах, худалдааны төвүүд долоо хоногийн аль гарагт амрах, хэдэн цагт нээх, хаах зэргийг тусгасан. Тэгэхээр иргэд болон зах, худалдааны төвүүдийн саналыг харгалзан, өөрчлөлт оруулна.
Үүнээс гадна Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг захиргааны байгууллагуудаас санал авч байгаа юм. Эдгээр байгууллага, иргэд, зах, худалдааны төвүүдээс ирсэн саналыг нэгтгэн төсөл боловсруулан Хотын даргад танилцуулж эцсийн шийдвэрийг гаргана.
Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 2014 онд баталсан байдаг. Гэвч 2021 оноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсон тул зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хуульд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүсээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл хоёр хууль шинэчлэгдсэн болон замын түгжрэлтэй холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг зохицуулах шаардлага үүссэн.
Санал асуулга наймдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Дүүргүүдээс ирсэн саналыг нэгтгээд УБЗАА-ны сайтад нийтэлж иргэдээс дахин санал авна" хэмээн тайлбарлалаа.