Платинум ланд” ХХК 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулна
8 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллалаа.

Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.
Компаний хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд:

  • Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга,
  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга,
  • Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга,
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах юм.

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл 184 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 350 орчим мянган мод тарьжээ.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын зүүн дэнжид техникийн нөхөн сэргээлтийг 53 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 33 га талбайд хийж, 40 мянган чацарганы суулгац тариалсан байна.


2023 онд 2.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлтийн ажлаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан тухай компанийн ерөнхий захирал Т.Төрмөнх танилцууллаа.
“Платинум ланд” компани 2016 онд тал хээрийн бүсийн 480 м.кв талбайд зургаан төрөл зүйлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр тариалсан.


Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилд 100 мянга орчим тарьц, суулгац гарган авах боломжтой болжээ.
Мөн 10 гаруй жилийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын дэнж хэмээх газарт 10.5 га талбайд улиасны “Төрөөгийн төгөл” байгуулснаа ойн санд хүлээлгэн өгсөн байна.


Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж болохыг харуулж байгаа “Платинум ланд” компанийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийлэв.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хайгуул, олборлолтын явцад байгаль орчинд учирч болох бохирдол, доройтол, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай хийж байх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг ч тодотголоо.


“Платинум ланд” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр мөн Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компанийн Тосон үйлдвэр болон Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Соёолж” ХХК-д ажиллана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404